“Талибан” болон Үндэсний эсэргүүцлийн фронтын төлөөлөгчид хэлэлцээ хийжээ
Афганистаны засгийн эрхийг булаан авсан “Талибан” хөдөлгөөн болон Үндэсний эсэргүүцлийн фронтын төлөөлөгчдийн хооронд хийсэн анхны шууд хэлэлцээ лхагва гарагт болжээ.
Энэ тухай талибуудад захирагдахаас татгалзсан хойд Панжшер мужийн хэлэлцээ хийгчдийг төлөөлж буй Хафиз Мансур өөрийн фейсбүүк хуудсаар мэдээлсэн байна.
“Үндэсний эсэргүүцлийн фронт Параван мужийн засаг захиргааны төв Чарикар хотод “Талибан”-ы төлөөлөгчидтэй хэлэлцээ хийлээ. Хэлэцээ сайхан уур амьсгалд болсон. Энэ нь хоёр талын төлөөлөгчид шууд яриа хэлэлцээ хийсэн анхны тохиолдол юм” гэж Мансур онцлон тэмдэглэжээ. Тэрбээр өмнө нь талибуудад түлхэгдсэн унасан Афганистаны Засгийн газрын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд афган хоорондын хэлэлцээнд оролцож байжээ.
Мансурын хэлснээр, талибуудын төлөөлөл долоон хүнээс бүрдсэн байсан бол Үндэсний эсэргүүцлийн фронтын хэлэлцээ хийх бүлэг 12 хүний бүрэлдэхүүнтэй байсан байна.
“Талууд харилцан зэвсэгт халдлага хийхээс зайлсхийхийн тулд энхийн яриа хэлэлцээг үргэлжлүүлэхээр тохиролцов” гэж тэрбээр мэдээлжээ.
Афганистаны засгийн эрхийг булаан авсныг нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа Панжшер мужийн төлөөлөгчидтэй хэлэлцээ хийхээр Талибан”-ы төлөөлөгчид тус мужид мягмар гарагт очсон гэж Афганистаны “Tolo news” суваг мэдээлсэн юм. Тус сувгийн эх сурвалжийн мэдээлснээр, талибуудын төлөөлөгчид Панжшер дахь эсэргүүцэгчдийн удирдагч, алдарт хээрийн командлагч Ахмад Шах Масудын хүү (1953-2001) Ахмад Масудыг талуудын хооронд цаашид зэвсэгт мөргөлдөөн гарахаас зайлсхийхын тулд хоорондын зөрчлийг яриа хэлцлээр шийдвэрлэхэд ятгах ёстой аж.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.