БНСУ-д Румын улсаас “COVID-19”-ийн вакциныг илгээжээ
Румын улсаас своп хэлцлийн хүрээнд нийлүүлж буй “COVID-19”-ийн вакцины хоёр дахь багц БНСУ-ын нийслэл Сөүл хотыг зорьсон гэж Бухарест дахь Солонгосын элчин сайдын яамнаас мэдээллээ.
“Pfizer” болон “Moderna” компанийн 976500 тун вакциныг тээвэрлэсэн агаарын тээврийн онгоц орон нутгийн цагаар мягмар гаргийн орой Румын улсаас хөөрсөн хэмээн Элчин сайдын яамны мэдээлэлд дурджээ. “COVID-19”-ийн вакцины нийлүүлэлт өнөөдөр 15 цагийн орчимд БНСУ-ын Инчон олон улсын нисэх онгоцны буудалд газардана.
Тус улсад ирж буй вакцины хоёр дахь багцад “Pfizer” компанийн 526500 тун , “Moderna” компанийн 450000 тун вакцин байгаа юм. Эхний багцийг өнгөрсөн пүрэв гарагт хүлээн авчээ.
Халдварын тархалт улс даяар нэмэгдэж байгаа энэ үед БНСУ вакцинжуулалтыг эрчимжүүлэхийг зорьж буйгаа илэрхийлсэн байна. Дээрх нийлүүлэлт нь ирэх сарын 20-22-нд болох намрын ургац хураалтын баярын өмнө дархлаажуулалтыг 70 хувьд хүргэх зорилтыг биелүүлэхэд тусална гэж эрүүл мэндийн байгууллагын удирдлагууд мэдэгджээ.
БНСУ-ын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн мэдээлснээр, мягмар гаргийн байдлаар 30.7 сая хүн буюу нийт хүн амын 60 орчим хувь нь вакцины эхний тунг хийлгэсэн байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.