“Монголын шилдэг 100 залуу” энэ сарын 27-ны өдөр шалгаруулна.
![“Монголын шилдэг 100 залуу” энэ сарын 27-ны өдөр шалгаруулна.](http://olnodo.com/media/post/2021-09/u5wv6quDiUmzb6cFrxxVdskdV5ZjDbq9ZqiKrsIt.png)
Монгол Улсад залуучуудын байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан “Монголын шилдэг 100 залуу”, “Шилдэг 100 байгууллага”-ыг энэ сарын 27-ны өдөр шалгаруулна.
Энэхүү үйл ажиллагаа нь нийгэм улс төр, эдийн засаг бизнесийн салбарын шилдэг залуусыг алдаршуулан тодруулж эх орон, улс нийгмийнхээ хөгжил дэвшлийн түүчээ болон алхах залууст урам зориг хайрлах, энэ цагийн түүхэнд нэрийг нь мөнхлөн үлдээх зорилготой юм.
МЗХ-ны Хариуцлагын хорооны, нарийн бичгийн дарга Х.Хишигбаяр хэлэхдээ, “Монголын төдийгүй Азийн залуучуудын ууган байгууллага МЗХ-ноос 100 жилийн ойгоо угтан дөрвөн ажил зохион байгуулахаар төлөвлөсөн. Энэ хүрээнд “Монголын шилдэг 100 залуу”, “Шилдэг 100 байгууллага”, “Алтан гарт эмч”, “Оюунлаг үйлстэн” боловсролын салбарын шилдэг багш нарыг шалгаруулна. Шилдгээр шалгарсан залуусынхаа алдар нэрийг мөнхлөх, тэдний талаар баримтат танилцуулга болон гэрэл зургийн үзэсгэлэн гаргана” гэв.
Хамгийн анх 2016 онд шилдэг 32, 2018 онд шилдэг 40 эмчийг тодруулж байв. Харин энэ онд шилдэг 40 эмчийг найман төрлийн шалгуураар тодруулна гэдгийг МЗХ-ны удирдлага төлөвлөлтийн хамтын ажиллагааны дарга Б.Буджав тодотгов.
МЗХ 1992 оноос Монголын Залуучуудын сангаараа дамжуулан нийгэм, улс төрийн салбарын оны залуу шалгаруулах “Next stop” наадмыг зохион байгуулж олон шилдэг залуу удирдагчийг төрүүлэн гаргасан. Тэгвэл энэ удаа 100 шилдэг залууг шалгаруулах санал асуулгыг улс орон даяар явуулж буй юм. Санал асуулга 10 дугаар сарын 19-нийг хүртэл орон даяар үргэлжилнэ.
Шилдэг 100 залууст нэрээ дэвшүүлэх боломж хүн бүрт нээлттэй бөгөөд нийгмийн идэвх санаачилгатай, нөлөөлөгч, салбар хамт олондоо манлайлагч өнөө цагийн өнгийг тодорхойлж яваа салбар бүрийн лидер нь байх шалгуурыг тавьж байгаа юм.
Шилдгээр нэрлэгдсэн залуусыг олон нийтэд сурталчлан таниулах, 100 шилдэг залуусын ном, сэтгүүлд мөнхлөн тусгай нэвтрүүлэг бэлтгэн олон нийтэд хүргэх аж.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.