Г.Ёндон: Дотоодын шатахууны нэг сарын нөөцийг БНХАУ-аас импортоор бүрдүүлэхээр мөнгөө шилжүүлсэн.
Дотоодын шатахууны нэг сарын нөөцийг БНХАУ-аас импортоор бүрдүүлэхээр аж ахуйн нэгжүүд гэрээ байгуулан мөнгөө шилжүүлсэн бөгөөд вагон тавих хүсэлтийг БНХАУ-ын Элчин сайдад уламжилсан тухай Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон өнөөдөр мэдээллээ.
Монгол Улс сард 38-40 мянган тонн АИ-92 автобензин хэрэглэдэг бөгөөд үүний 95 хувийг ОХУ-аас, 5-10 хувийг БНХАУ-аас импортолдог байна. Ингэхдээ, ОХУ-ын Роснефть компаниас сар бүр 28 мянган тонн АИ-92 автобензин импортлох харилцан үүрэгтэй гэрээтэй байдаг аж. Гэтэл тус компанийн гол нийлүүлэгч Ангарскийн нефтийн комбинатад засвар хийгдэж байгаагийн зэрэгцээ цар тахлын нөхцөл байдлаас хамаарч есдүгээр сард 17 мянган тонныг нийлүүлэх боломжтой гэдгээ мэдэгдсэн байна. Гэвч өчигдрийн байдлаар, ОХУ-ын Роснефть компани манай улсад есдүгээр сарын 16 хүртэл 7400 тонн АИ-92 автобензин нийлүүлсэн бөгөөд үлдэгдэл шатахууныг нийлүүлэх боломжгүйгээ илэрхийлжээ.
Манай улс есдүгээр сарын шатахууны тогтмол хэрэгцээгээ хангахын тулд дотоодын таван аж ахуйн нэгж БНХАУ-ын Чайна ойл компанитай гэрээ байгуулсан байна. Тодруулбал, Петровис, Шунхлай, Магнай трейд, Содмонгол, Лекс ойл зэрэг компани гэрээ байгуулан шатахууны нэг сарын нөөц бүрдүүлэх мөнгийг шилжүүлж вагоны кодоо баталгаажуулжээ. Өөрөөр хэлбэл, ОХУ-ын дутуу нийлүүлсэн шатахууны үлдэгдлийг БНХАУ-аас авахаар төлөвлөж байсан юм. Хятадын талаас Монгол руу их хэмжээний ачаа барааг яаралтай татан авч байгаа тул төмөр замд вагон тавих боломжгүй, 10 дугаар сар хүртэл хойшлуулах саналтай байгаагаа илэрхийлсэн байна. Энэ нөхцөл байдлаас хамаарч манай аж ахуйн нэгжүүд өчигдрөөс автобензиний хэрэглээнд хязгаарлалт тавьсан гэдгийг УУХҮ-ийн сайд Г.Ёндон учирлав.
Өнөөдөр 11.00 цагт БНХАУ-ын Элчин сайд Цай Веньруйтай Шадар сайд С.Амарсайхан, УУХҮ-ийн сайд Г.Ёндон, шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл уулзаж, вагон тавих асуудалд яаралтай туслахыг хүссэн байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.