Нийслэлийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт орууллаа

Нийслэлийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт орууллаа

НИТХ-ын IX хуралдаанаар Улаанбаатар хотын 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, “Улаанбаатар хотын  ногоон орон сууц төсөл”-ийн тухай, “Улаанбаатар хотын тогтвортой зам тээврийн хөгжил төсөл”-ийг хэлэлцлээ.

Нийслэлийн 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд 5 бүлэг, 21 дэд бүлгийн 719 төсөл үйл ажиллагаа төлөвлөснөөс одоогоор 66.2 хувийг нь биелүүлээд байгааг нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Сүхбаатар танилцуулав.

Газрын менежменттэй холбоотой төлөвлөгөөт ажлын биелэлт 77.1, газар зохион байгуулалтын ажил 70, нөхөх олговор, газар чөлөөлөлт 90 хувь байгаа бол хот байгуулалтын ажлын гүйцэтгэл 50 хувьтай, газрын төлбөрийн 44 хувийг төвлөрүүлжээ.  Энэ онд зөвшөөрөлгүй барьсан гарааш, чингэлгийг буулгаж газар чөлөөлөх, нийтийн эзэмшлийн орц, гарцыг нээх, инженерийн шугам сүлжээнд зөвшөөрөлгүй барьсан объектыг чөлөөлөх зэрэг ажлыг илүү идэвхтэй хийжээ.

Мөн сүүлийн 2-3 жилд 91 байршилд 197 га газрыг нийтийн эдэлбэр газарт бүртгэлээ. Энэ онд 20 байршлыг нэмж нийтийн эзэмшлийн газраар бүртгүүлжээ.

Тэрбээр, хууль бус газар эзэмшлээс нийтийн эдэлбэр газрыг чөлөөлөхөд гэр хорооллын дахин төлөвлөлтийг эрчимжүүлж, Сонгинохайрхан дүүргийн 21, 32 дугаар хороонд аж төрж буй малтай өрхийн асуудлыг шийдэх, дүүрэг хоорондын хил заагийг тодорхой болгоход анхаарах санал гаргалаа.

Нийслэлд хэрэгжүүлж буй гэр хорооллын дахин төлөвлөлтийг эрчимжүүлэхийн тулд Амгалан станцыг өргөтгөх шаардлагатайг хурлын үеэр дурдаад, инженерийн шугам сүлжээг шийдэх, орон сууцны борлуулалтыг дэмжихэд анхаарснаар гэр хорооллын дахин төлөвлөлт эрчимжихийг Б.Сүхбаатар тодотгов.

Түүнчлэн, Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж буйн дээр газар эзэмших, ашиглах, өмчлөх зөвшөөрөл авах, төлбөр төлөх гэхчлэн газартай холбоотой бүх үйлчилгээг  цахим хэлбэрт шилжүүлж байгаагаас шалтгаалан газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлага тулгарчээ.
Төрийн болон төсөвт байгууллагын хэрэгцээнд эзэмшүүлэх, ашиглуулах газар болоод иргэдэд эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэх, ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэнг нэмэгдүүлэх зорилгоор нийтийн эдэлбэр газрын хэмжээ, байршлыг, мөн газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааны байршлыг шинээр нэмэх, газрын зөрчил арилгаж, газрын төлбөрийн орлогыг нэмэх зэрэг нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэж батлан НИТХ-ын тогтоол гаргалаа.  

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.