Агаараар тээвэрлэсэн ачаа 62.2 хувь нэмэгдсэн байна.

Агаараар тээвэрлэсэн ачаа 62.2 хувь нэмэгдсэн байна.

Агаараар энэ оны эхний 8 сард 2.9 мянган тн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 1.1 (62.2 хувь) мянган тонноор нэмэгдсэн байна.

Агаараар мөн хугацаанд дотоодод 15.3 тн ачаа тээсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 38.5 (71.6 хувь) тонноор багаслаа. Харин олон улсад тээсэн ачаа 2.9 мянган тонн болж, өмнөх оны мөн үеийнхээс 1.1 (66.4 хувь) мянган тонноор нэмэгдэв. 

Өнгөрсөн наймдугаар сард агаарын тээврээр тээсэн ачаа 440.2 тн болж, өмнөх сарынхаас 45.9 (9.4 хувь) тонноор багассаныг Үндэсний статистикийн хороо мэдээлжээ.

Агаарын тээврээр зорчигчид энэ оны эхний 8 сард 93 мянга (давхардсан тоогоор) болж, өмнөх оны мөн үеийнхээс 269.8 (74.4 хувь) мянган хүнээр багаслаа. Агаарын тээврээр зорчигчид 8 дугаар сард 19.1 мянга болж, өмнөх сарынхаас 3.6 (22.8 хувь) мянган хүнээр нэмэгдсэн байна. Үүнд Улаанбаатар-Сөүл-Улаанбаатар чиглэлийн зорчигч 74.9, Улаанбаатар-Оюутолгой чиглэлийн зорчигч 34.3 хувиар нэмэгдсэн нь нөлөөлсөн аж.

Орон нутагт агаарын тээврээр зорчигчид энэ оны эхний 8 сард 52.2 мянган хүн болж, өмнөх оны мөн үеийнхээс 163.2 (75.8 хувь) мянган хүнээр багаслаа. Үүнд Улиастай чиглэлийн зорчигч 88.8, Оюутолгой-Даланзадгад чиглэлийн зорчигч 86.7, Улаангом чиглэлийн зорчигч 83.8 хувиар багассан нь нөлөөлжээ.Түүнчлэн, олон улсад агаарын тээврээр зорчигчид дээрх хугацаанд 40.8 мянган хүн болж, өмнөх оны мөн үеийнхээс 106.6 (72.3 хувь) мянган хүнээр багассан байв.

Агаарын үндэсний тээвэрлэгчдийн орлого энэ оны эхний 8 сард 108.7 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 1.8 (1.6 хувь) тэрбум төгрөгөөр багаслаа. Агаарын үндэсний тээвэрлэгчдийн орлого өнгөрсөн 8 дугаар сард өмнөх сарынхаас 1.6 (9.2 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдэж, 19 тэрбум төгрөг болжээ. Үүнд дотоодын нислэгийн зорчигч 19.1, олон улсын нислэгийн зорчигч 25.9 хувиар нэмэгдсэн нь нөлөөлжээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.