TOPIK буюу Солонгос хэлний шалгалтад бэлтгэхэд ХЯЛБАР БОЛЛОО

TOPIK буюу Солонгос хэлний шалгалтад бэлтгэхэд ХЯЛБАР БОЛЛОО

Орчин цагт залуучууд гадаадад сурахыг эрмэлздэг болсон. Тэр ч утгаараа гадаад хэл сурах хүний тоо сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгаа. Тиймээс Солонгос хэлний “Topik center” сургалтын төвийн үүсгэн байгуулагч, “Топик цөм үг” номыг бэлтгэн гаргасан зохиолч С.Отгондүүтэй ярилцаж, түүний бэлтгэсэн гаргасан шинэ номын талаар ярилцлаа. 


-Уншигчдад маань өөрийгөө танилцуулна уу. Та номынхоо нээлтийг хийхээр Монголд саяхан ирсэн юм байна?

-Сайн байцгаана уу. Намайг С.Отгондүү гэдэг. Би одоо БНСУ-ын Сөүл хотод Солонгос хэлний хэл шинжлэлийн чиглэлээр магистрын зэрэг хамгаалахаар суралцаж байгаа.

Мөн “Topik center” солонгос хэлний сургалтын төвийн үүсгэн байгуулж, Сүүлийн зургаан жилийн турш солонгос хэл зааж байна. Цар тахлын нөхцөлд байгаа болохоор сургалт маань цахимаар явагдаж байгаа.

TOPIK (Test of Proficiency in Korea) буюу Солонгос хэлний түвшин тогтоох шалгалт өгөхөөр бэлтгэж буй хүмүүст зориулан “TOПИК цөм үг” нэртэй анхан болон дунд төвшний хоёр номоо гаргалаа.

Номын маань нээлт Улаанбаатарт болж, номын бүх дэлгүүрээр борлуулж эхэллээ. 

-Та өөрөө анх солонгос хэлийг хэрхэн сурч байв?

-Би багадаа солонгос драм үздэг байсан. Кино үзээд солонгос хэлэнд дуртай болсон. Юу ч ойлгохгүй байгаа хэрнэ хэлсэн үгийг нь дуурайж хэлдэг байлаа.  Хожим их сургуульд ороод илүү мэргэжлийн төвшинд сурсан.

-Дөрөвхөн өдрийн өмнө нээлтээ хийсэн номынх нь тухай яръя. Яагаад ном гаргахаар болсон бэ?

-Би Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтад бэлдэж буй залууст зориулж, шалгалтад байнга ирдэг үгнүүдээс түүвэрлэсэн хоёр ном гаргасан. Хэл сурах хамгийн чухал үндэс нь үг байдаг. Тэгэхээр залуучуудад цагийн төлөвлөгөөтэй, цэгцтэй үг цээжилж, түүнийгээ өгүүлбэрт ашиглахад нь тусалж ном гаргахаар шийдсэн юм.

Монгол хүүхдүүдийн хувьд орос школоор суралцсан байдаг. Энэ нөхцөл байдал бие даан сурахад их, бага хэмжээгээр саад болдог. Бие даах биш заавал хэн нэгэн хэлж байж хийдэг болчихсон гэсэн үг. Үүнийг харгалзаж үзээд номондоо өдөр бүрийн нарийвчилсан төлөвлөгөө гаргасан. Тиймээс хүүхдүүдэд бие даан сурахад нь тусалж байгаа гэж ойлгож болно.



-Хоёр номынхоо талаар товчхон танилцуулж өгнө үү?

-Номоо нээгээд харвал дотор нь хуваарь байгаа. Хоёр ном хоёулаа 50 өдрийн нарийвчилсан хуваарьтай. Энэхүү хуваарь, төлөвлөгөөнийхөө дагуу номон дээрээ ажиллана гэсэн үг.

Анхан шатны номны хувьд өдөр бүр 20 үг цээжилж, жишээ өгүүлбэр, дасгал ажиллахаар бэлтгэсэн. Ингэж 50 өдрийн турш суралцсанаар 1000 үг сурна гэсэн үг.

Харин дунд шатны номын хувьд 50 өдрийн турш өдөр бүр 30 үг цээжлэхээр төлөвлөгөө гаргасан.

Хүмүүст ихэвчлэн тохиолддог нэг өдөр хийгээд маргааш нь орхичихдог занг засаж, зөв дадал бий болгохын тулд ийм хуваарьтайгаар номоо бэлтгэсэн. 
 



-Солонгос хэлийг монгол хэлтэй адилхан Алтай язгуурын хэл учир сурахад амархан гэж хүмүүс ярьдаг. Энэ үнэн үү?

-Солонгос болон монгол хэл төстэй болохоор хүмүүс амархан гэж ойлгодог. Гэтэл яг шалгалт өгөх үед солонгос хүмүүс өөрсдөө ч хариулж чадахааргүй хүнд асуултууд ирдэг. Тиймээс  түвшин тогтоох шалгалт өгөхийн тулд үгээ маш сайн цээжлэх хэрэгтэй.

Дан ганц үг цээжлэхгүйгээр жишээ өгүүлбэр болон холбоо үгтэй нь хамт цээжлүүлэх үүднээс багцалсан мэдээллийг шинэ номондоо оруулсан байгаа. 

Солонгос хэл нь монгол хэлтэй адил алтай язгуурын хэл. Өгүүлбэрийн бүтэц нь хоорондоо адилхан боловч илэрхийлж байгаа нь өөр байдаг. Тухайлбал, солонгос хэлэнд харилцаж буй хүний байр суурийг илэрхийлэх байдлаар хүндэтгэлийн хэлбэр ашигладаг. Мөн бичгийн хэл, ярианы хэл гэж бий.

Шалгалтад хүүхдүүдийг бэлдэж байхдаа анзаарахад бид монгол сэтгэлгээгээр бичих хандлага ажиглагддаг. Тэр нь ойлгомжгүй байдал үүсгэдэг. 

Ямар ч хэл сурсан "монгол" сэтгэлгээнээс салж, тухайн орныхоо хэл соёлоор сэтгэх хэрэгтэй.

-Залуучууд аль болох гадаадад сурахыг хүсдэг болсон байна. Тэгвэл Солонгост сурах боломж, нөхцөл ямар байдаг вэ?

-Сүүлийн үед залуус маань БНСУ руу их явж байна. Үүний гол шалтгаан нь Азийн орнууд дотроос Өмнөд Солонгос хамгийн их тэтгэлэгтэйд тооцогддог. Өөрийн улсын оюутнуудад өгдөггүй тэтгэлгийг хүртэл гадаад оюутнуудад өгдөг. Мөн сурахын хажуугаар ажиллах боломж өндөр байдаг. Тиймээс БНСУ-ыг зорих залуусын тоо улам нэмэгдэж байгаа байх.

-Одооноос солонгос хэл сурч эхэлж байгаа хүмүүст хандаж та амгийн түрүүнд юуг анхаарах хэрэгтэй гэж зөвлөх вэ?

-Солонгос хэл сурах гэж байгаа хүмүүст зориулж таван зөвлөгөө хүргэе.

Нэгдүгээрт, Өдөр бүр өөртэйгөө ажилла

-Бид техник технологи, мэдээллийн эрин зуунд амьдарч байна. Хэл сурахад зориулсан бичлэг, мэдээлэл интернетэд маш их байгаа. Эдгээрийг ашиглах хэрэгтэй.

Нэг өдөр гурван цаг сууж, чанартай бэлтгэсэн ч маргааш нь хийхгүй байгаад байж болохгүй. Нарийвчилсан төлөвлөгөө, хуваарь гаргаж, өдөр бүр хичээх хэрэгтэй.

Хоёрдугаарт, Яриагаа сайжруулахын тулд солонгос хэл дээр мэдээ, бичлэг үз

Яриаг нь ойлгосон ч, ойлгоогүй ч хамаагүй сонсоод л байх хэрэгтэй. Ном уншиж өгдөг сайтууд байдаг. Уншиж буй мэдээллийнх нь дор үг нь гардаг. Тухайн гарч буй өгүүлбэрийг ажиглах хэрэгтэй.

Манай “Topik center” сургалтын төв онлайнаар сургалт явуулж байгаа. Онлайн сургалтад хамрагдан, давхар номон дээрээ ажиллаад сурах боломжтой.

Гуравдугаарт, Зорилгоо тодорхойл

Монголд  түвшин тогтоох шалгалт жилд хоёр удаа авдаг. Намар болон хавар. Хэрэв нэг жилийн хугацаанд бэлтгэж, дараа жил нь шалгалт өгөх зорилго тавьсан бол одоо анхан шатнаас нь эхлээд бэлтгэхэд хангалттай боломж байгаа.

Тухайлбал, солонгос хэл огт мэдэхгүй хүүхэд манай сургалтад зургаан сар суугаад, TOPIK-ын 5 оноо авсан. Тэр хүүхэд солонгос хэл сурахдаа өдөр бүр гурваас дээш цагийг зарцуулдаг байсан юм.

Үүнээс харахад, тухайн зүйлийг сурахад зарцуулж буй цаг хугацаа, хандлагаас үр дүн нь шалтгаалдаг гэсэн үг. Тиймээс эхлээд зорилгоо тодорхойлох хэрэгтэй.

Дөрөвдүгээрт, солонгос хүмүүстэй найзуудтай бол

Та 100 хүн рүү найзын хүсэлт явууллаа гэж бодъё. Үүнээс 80 нь найзын хүсэлтийг чинь авахгүй байж болно. Тэгвэл дахиад явуул. Ингэсээр 10 найзтай болчих. Найз болсон хүмүүстэйгээ мэддэг цөөн үгээрээ ч болов харилцаа үүсгэх хэрэгтэй. Энэ маягаар уйгагүй гадаад хүмүүстэй харилцаад бай.

Эцэст нь захиж хэлэхэд, солонгос хэл сурч, амьдарч байна гээд монгол соёл, ёс заншлаа битгий мартаарай. Солонгост очоод Монголынхоо талаар сайн сайхан зүйлийг ярьж байгаарай гэж хэлмээр байна.

-Ярилцсанд баярлалаа.

ZINDAA.MN 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.