БНСУ-д халдварын тоо дөрвөн өдөр дараалан 2000 давжээ

БНСУ-д халдварын тоо дөрвөн өдөр дараалан 2000 давжээ

БНСУ-д “COVID-19”-тэй дасан зохицож амьдрах стратегийн хүрээнд халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг сулруулаад байгаа энэ үед өдөрт илрэх халдварын шинэ тохиолдлын тоо дөрвөн өдөр дараалан 2000 давлаа.

Солонгосын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн мэдээлснээр, сүүлийн 24 цагийн хугацаанд халдварын 2248 тохиолдол шинээр илэрснээр нийт тохиолдлын тоо 377 712-т хүрчээ. Энэ нь өмнөх өдрийнхтэй /2344/ харьцуулахад буурсан үзүүлэлт боловч мягмар гаргийнхаас 600 гаруйгаар илүү байна.  

БНСУ-д өдөрт бүртгэгдэх халдварын шинэ тохиолдол долоодугаар сарын 7-ны өдрөөс хойш дөрвөн оронтой тоогоор нэмэгдэж байгаа юм. Баасан гарагт халдвараар нас барсан хүний тоо 20-иор нэмэгдсэнээр ийм тохиолдлын нийт тоо 2956-д хүрчээ. Энэ нь халдварын нийт тохиолдлын 0.78 хувьтай тэнцэж байна.

Эрх баригчид хүн амын 70 хувь нь вакцины бүрэн тунд хамрагдсантай холбоотойгоор “COVID-19”-тэй дасан зохицож амьдрах стратегийг даваа гаргаас хэрэгжүүлж, хүн хоорондын зай барих дүрэм журмыг сулруулсан юм. Өнөөдрийн байдлаар, хүн амын 80.8 хувь нь вакцины эхний тунд, 76.5 хувь нь бүрэн тунд хамрагджээ.  

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.