БНСУ-д шатахууны татварыг түр хугацаагаар бууруулжээ

БНСУ-д шатахууны татварыг түр хугацаагаар бууруулжээ

БНСУ-д нефтийн үнийн өсөлтөөс үүдэн ард иргэдийн амьжиргаа, инфляцид үүсэх үр дагавруудыг намжаахын тулд шатахууны татварыг өнөөдрөөс түр хугацаагаар бууруулж байна.

Засгийн газрын төлөөлөгчдийн мэдээлснээр, шатахуун, дизель түлш, шингэрүүлсэн нефтийн хийн татварыг 20 хувиар бууруулах шийдвэр ирэх оны дөрөвдүгээр сарын эцэс хүртэл зургаан сарын хугацаанд хэрэгжинэ.

Энэхүү шийдвэрийн дагуу бензиний шатахууны татвар литр тутамд 820 вон байгаа нь 656 болж буурах бол дизель түлшнийх 582 воноос 466 вон болно. Тус улсад шатахууны татвар нь бензиний үнийн 40 орчим хувьтай тэнцдэг байна.

Салбарын шинжээчдийн үзэж буйгаар, татварын бууралт дотоодын шатахуун түгээх станцуудын үнэд нөлөөлөхөд хэдэн долоо хоногийн хугацаа шаардагдах төлөвтэй байна.

Дэлхийн эдийн засаг цар тахлын үр дагавраас сэргэж байгаагаас шалтгаалан нефтийн үнэ сүүлийн гурван жилийн хугацаан дахь хамгийн өндөр үзүүлэлтэд хүрсэнтэй холбогдуулан БНСУ-ын Засгийн газар, эрх баригч нам шатахууны татварыг бууруулах тохиролцоонд 10 дугаар сарын эцсээр хүрсэн юм.

БНСУ-ын жишиг Дубайн газрын тосны үнэ 10 дугаар сарын 18-нд нэг торх нь 83.89 ам.долларт хүрсэн нь есдүгээр сарын дунджаас /72.63 ам.доллар/ ихээхэн өссөн үзүүлэлт болжээ. Азийн дөрөв дэх том эдийн засагтай тус улсын эрчим хүчний хэрэгцээ бараг бүхэлдээ импортоос хамааралтай байдаг.

Пүрэв гарагт нэг литр шатахууны дундаж үнэ 1810 вонд хүрсэн нь 10 дугаар сарын 13-ны өдрийнхөөс 116 воноор өссөн үзүүлэлт болсныг төрийн өмчит Солонгосын Үндэсний нефтийн корпорацын мэдээлэл харуулжээ.

Шатахууны татварыг бууруулснаар Засгийн газрын татварын орлого ирэх зургаан сард 2.5 их наяд воноор /2.1 тэрбум ам.доллар/буурах тооцоотой байна. Тус улс нь хамгийн сүүлд 2018 оны 11 дүгээр сард нефтийн үнэ 80 ам.доллар давах үед шатахууны татварыг зургаан сарын хугацаанд 15 хувиар бууруулж байжээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.