БНСУ, Сингапур дижитал худалдааны гэрээг энэ онд багтаан байгуулахыг зорьж байна
БНСУ, Сингапур худалдаа, эдийн засгийн харилцаагаа гүнзгийрүүлэх зорилгынхоо хүрээнд дижитал худалдааны гэрээг энэ онд багтаан байгуулахын төлөө хүчин чармайлт гаргахаар тохиролцжээ.
БНСУ-ын Худалдааны сайд Ё Хан Ку, Сингапурын Худалдаа, аж үйлдвэрийн дэд сайд Тан Си Лэн нар Сөүл хотноо уулзах үеэрээ дээрх тохиролцоонд хүрсэн байна.
“Талууд Дижитал түншлэлийн гэрээг энэ ондоо багтаан байгуулах зорилт дэвшүүлэн ажлын түвшний хэлэлцээгээ эрчимжүүлэхээр тохиролцлоо” гэж БНСУ-ын Худалдааны яам мэдээлжээ. Өнгөрсөн оны долоодугаар сараас эхлүүлсэн яриа хэлэлцээ одоогоор сүүлийн шатандаа ороод байгаа ажээ.
Дижитал худалдааны гэрээ нь цахим гүйлгээний дүрэм журмыг тогтоож, цахим худалдааг хөнгөвчилж, ийм худалдаа хийж буй хэрэглэгчдийн эрх ашгийг илүү сайн хамгаалах зорилготой байна. БНСУ-ын хувьд энэ нь дижитал худалдааны анхны хэлэлцээр болох юм.
Сингапур нь БНСУ-ын 12 дахь том худалдааны түнш бөгөөд хоёр орны дижиталчлалын түвшин ижил гэдгийг яамны мэдэгдэлд онцолжээ. Уулзалтын үеэр хоёр орны сайд нар мөн уур амьсгалын өөрчлөлтийг сааруулж, хорт хийн ялгарлыг тэглэхэд өндөр ач холбогдолтой устөрөгч, сэргээгдэх эрчим хүчний салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх арга замын талаар хэлэлцсэн байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.