БНСУ-д халдварын тохиолдлын тоо сүүлийн зургаан өдөр дараалан 2000 давжээ.
БНСУ-д сүүлийн 24 цагийн хугацаанд 2000 гаруй хүний “COVID-19”-ийн шинжилгээний хариу эерэг гарснаар өдөрт шинээр илэрсэн халдварын тохиолдлын тоо сүүлийн зургаан өдөр дараалан 2000 давжээ.
“COVID-19"-ийн тархалтыг хумих хязгаарлалтуудыг энэ сарын эхнээс сулруулаад буй үед өвчлөл ийнхүү нэмэгдэж байгаад олон нийт санаа зовниж байна.
Солонгосын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн мэдээлснээр, улсын хэмжээнд ням гарагт халдварын 2006 тохиолдол шинээр илэрснээс 1986 нь дотоодод халдварлажээ. Ингэснээр халдварын нийт тохиолдлын тоо 318 105-д хүрсэн байна.
БНСУ-д өдөрт бүртгэгдэх халдварын шинэ тохиолдол долоодугаар сарын 7-ны өдрөөс хойш дөрвөн оронтой тоогоор нэмэгдэж байгаа юм. Ням гарагт халдвараар нас барсан хүний тоо 12-оор нэмэгдсэнээр ийм тохиолдлын нийт тоо 3250-д хүрчээ. Энэ нь халдварын нийт тохиолдлын 0.78 хувьтай тэнцэж байна.
Хүн хоорондын зай барих журмыг сулруулаад байгаатай холбоотойгоор өвчлөл, хүнд өвчтөнүүдийн тоо нэмэгдэж болзошгүйг эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүд анхааруулж байсан юм. Засгийн газар ирэх хоёрдугаар сарын эцэс гэхэд хязгаарлалтын арга хэмжээнүүдийг цуцлах өргөтгөсөн төлөвлөгөө бүхий “COVID-19”-тэй дасан зохицож амьдрах бодлогыг 11 дүгээр сарын 1-нээс хэрэгжүүлж байгаа билээ.
Гурван шатлалт энэхүү стратегийн эхний үе шатанд вакцинд хамрагдсан эсэхээс үл хамааран 10 хүртэлх хүн нэг дор уулзахыг зөвшөөрч, зоогийн газар, кафе, кинотеатрын цаг хуваарьт тавьсан хязгаарлалтуудыг бүрэн цуцалжээ. Үүнд клуб, шөнийн цэнгээний газар зэрэг зугаа цэнгээний газрууд хамааралгүй байна.
Солонгосын өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн мэдээлснээр, БНСУ-д өнөөдрийн байдлаар 41.92 сая хүн буюу хүн амын 81.7 хувь нь вакцины эхний тунг хийлгэсэн бол 40.1 сая хүн /78.1 хувь/ вакцинд бүрэн хамрагджээ. Тус төв 12 дугаар сарын дунд үе гэхэд хүн амын 80 хувь нь вакцинд бүрэн хамрагдана гэж тооцоолж байна.
Сүүлийн 24 цагийн хугацаанд илэрсэн, дотоодод халдварласан шинэ тохиолдлуудын 80 хувь нь улсын нийт хүн амын тэн хагас нь оршин суудаг Сөүлийн бүсэд бүртгэгджээ. Тодруулбал, Сөүлд 859, Гёнги мужид 602, Инчеон хотод 102 тохиолдол илэрсэн байна. Мөн халдварын 20 тохиолдол зөөвөрлөгдөн ирснээр ийм тохиолдлын тоо 15390-д хүрчээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.