Өвөл, хавар хурдан морь уралдуулахгүй байхад хяналт тавихыг анхааруулав
Жил бүрийн өвөл, хавар хурдан морины уралдаан зохион байгуулж хүүхдийн эрүүл мэнд, амь насанд эрсдэл учруулах зөрчил багагүй гардаг.
Иймээс Мэргэжлийн хяналтын ерөнхий газар /МХЕГ/-ын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын газраас аймаг, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газруудад албан тоот хүргүүллээ. Уг албан тоотод “…өөрийн харьяа нутаг дэвсгэрт хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээг зохион байгуулахгүй байх тал дээр хяналт тавьж ажиллах”-ыг анхааруулав.
Засгийн газрын 2019 оны 57 дугаар тогтоолын 1-т “Жил бүрийн 11-р сарын 1-нээс 5-р сарын 1-нийг хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээ зохион байгуулахыг хориглосугай” гэж заасан.
Хурдан морь унадаг хүүхдийн хөдөлмөр нь хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийн нэгд тооцогддог. Мөн Засгийн газрын 2011 оны 303 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг устгах үндэсний хөтөлбөрт хурдан морь унадаг хүүхдийн хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлыг хангах асуудлыг тусгайлан авч үзсэн төдийгүй ийм төрлийн хөдөлмөр эрхлүүлсний улмаас хүүхдийн амь нас, эрүүл мэнд нь хохирсон бол гэм буруутай этгээдээс нөхөн төлбөр гаргуулах эрх зүйн орчин бүрдүүлэх зорилт тавьсан юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.