Барууны орнууд Оросын банкуудыг SWIFT-ээс хасахаар тохиролцжээ

Барууны орнууд Оросын банкуудыг SWIFT-ээс хасахаар тохиролцжээ

Их Британи, Герман, Итали, Канад, АНУ, Франц, түүнчлэн Европын Комисс олон улсын банк хоорондын мэдээлэл дамжуулах, төлбөр тооцоо хийх SWIFT системээс зарим банкийг нь хасах зэргээр ОХУ-д шинээр "санхүүгийн хатуу хориг арга хэмжээ" авахаар тохиролцсоныг ХБНГУ-ын Засгийн газрын албан ёсны төлөөлөгч Штеффен Хебештрайт бямба гарагт сэтгүүлчдэд мэдээлжээ.

“Олон улсын хамтын нийгэмлэгийн зүгээс хориг тавьсан Оросын банкуудыг, хэрэв шаардлагатай бол бусад банкуудыг ч SWIFT-ээс хасна” гэж тэрбээр онцлон тэмдэглэжээ. Үүнээс гадна, барууны түншүүд "олон улсын санхүүгийн гүйлгээгээр рублийн ханшийг дэмжих Оросын Төв банкны боломжийг цаашид хязгаарлахаар шийдсэн" гэж Хебештрайт хэлсэн байна.  

“Хэлэлцэн тохиролцсон хориг арга хэмжээ нь мөн Украинд дайныг дэмжиж буй Оросын иргэн, байгууллагуудын эсрэг чиглэгдсэн. Тухайлбал, чинээлэг оросууд өөрсдөдөө болон төрөл төрөгсдөдөө алтан паспорт, Европын иргэншил авах боломжийг эцэс болгоно” гэж Хебештрайт мөн мэдээлжээ.

Түүнчлэн хориг арга хэмжээг шуурхай хэрэгжүүлэх, хориг тавьсан хувь хүн, тэдний гэр бүл, пүүс компаниудын хөрөнгийг царцаах зорилгоор АНУ, ЕХ-ны төлөөлөгчдийн оролцоотойгоор ажлын хэсэг байгуулахаар болсныг мэдэгдсэн байна. Хебештрайтын хэлснээр, Барууны орнууд "ОХУ Украины эсрэг, Европын дэг журмын эсрэг дайралтаа зогсоохгүй бол шинэ арга хэмжээ авахад бэлэн байгаагаа цохон тэмдэглсэн байна".

Оросын зарим банкийг SWIFT системээс хасах шийдвэрийн талаар мөн Цагаан ордноос нийтэлсэн улс орнуудын хамтарсан мэдэгдэлд дурджээ. 

"Укринформ" агентлагийн мэдээлснээр, ОХУ-ыг олон улсын банк хоорондын энэ системээс хасуулах шийдвэрийг Европын орнуудаар гаргуулахын тулд Украины дипломат ажилтнууд өдөр шөнөгүй тэмцлээ гэж тус улсын Ерөнхийлөгч Владимир Зеленский дүрс бичлэгээр үг хэлэхдээ мэдэгдсэн байна.  

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.