АНУ-д “COVID-19” цар тахал дэгдсэнээс хойш халдварын 80,000,546 тохиолдол илэрсэн
“COVID-19” цар тахал дэгдсэнээс хойш АНУ-д халдварын 80 000 546 тохиолдол илэрч, 978 102 хүн халдварын улмаас нас барсан байна.
Америкийн муж улсуудаас Калифорнид хамгийн олон буюу 9 сая гаруй тохиолдол илэрсэн бол араас нь Техас /6.7 сая/, Флорида /5.8 сая/, Нью-Йорк /4.9 сая/ жагсаж байна.
“COVID-19” халдварын тохиолдол, нас барсан тохиолдлын тоогоороо дэлхийн улс орнуудаас нэгдүгээрт бичигдсэн хэвээр байгаа АНУ-д дэлхийн хэмжээнд илэрсэн тохиолдлын 17 хувь, нас барсан тохиолдлын тоо 16 хувь нь бүртгэгджээ.
АНУ-д илэрсэн халдварын нийт тохиолдлын тоо 2021 оны 12 дугаар сарын 13-нд 50 саяд, 2022 оны нэгдүгээр сарын 9-нд 60 саяд, нэгдүгээр сарын 21-нд 70 саяд хүрчээ.
Мягмар гарагт АНУ-ын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв /CDC/ дархлаа нь суларсан хүмүүс, 50-иас дээш насны иргэдэд “COVID-19”-ийн мРНХ вакцины хоёр дахь нэмэлт тунг эхний нэмэлт тунд хамрагдсанаас дөрвөн сарын дараа тарихыг зөвлөсөн байна.
Эмзэг бүлгийн хүн амыг “COVID-19”-өөр халдварлан хүндээр өвчлөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор ийнхүү шийдвэрлэсэн гэдгийг “CDC” тодотгожээ. Хүнс, эмийн чанарын хяналтын газар /FDA/ “Pfizer-BioNTech”, “Moderna”-гийн вакцины хоёр дахь нэмэлт тунд энэ бүлгийн хүмүүсийг хамруулахыг мягмар гаргийн өглөө зөвшөөрсөн байна.
Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн мэдээлснээр, “омикрон” хувилбарын тархалтын үед вакцины нэмэлт тунд хамрагдсан хүмүүсийн нас барах магадлалыг вакцинд хамрагдаагүй хүмүүсийнхтэй харьцуулахад 21 дахин бага, мөн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх магадлал нь 7 дахин бага байжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.