“KOSPI” индекс огцом унаж, Өмнөд Солонгосын биржийн арилжааг зогсоов
СӨҮЛ. /KBS/. Өмнөд Солонгосын хөрөнгийн биржийн гол индекс болох “KOSPI” баасан гаргийн өглөө 107.82 нэгж буюу 5.87 хувиар огцом унаж эхэлснээс хэдхэн минутын дараа тус биржийн арилжааг зогсоосон байна.
Сүүлийн хоёр өдрийн арилжааны явцад уг индекс 6.6 хувиар буурсан байна. Энэ нь коронавирусний дэгдэлт эдийн засгийг уналтад оруулж болзошгүй гэх болгоомжлол хөрөнгө оруулагчдын дунд үүсэж, улмаар эрсдэлтэй хөрөнгөөсөө салахыг хичээж эхэлсэнтэй холбоотой юм.
Өмнөд Солонгосын хөрөнгө оруулагчдын сэтгэл санаанд мөн АНУ-ын хөрөнгийн биржийн үзүүлэлтүүд нөлөөлсөн гэдгийг шинжээчид тэмдэглэж байна. Өмнөд Солонгосын томоохон компани болох “Samsung Electronics”-ын хувьцаа Солонгосын бирж дээр 5.1 хувиар, "SK hynix" компанийнх 5.9 хувиар, "SK Telecom" компанийнх 6.9 хувиар доошилсон бол автомашин үйлдвэрлэгч “Hyundai Motor” компанийнх 7.7 хувиар унажээ. Солонгосын мөнгөн тэмдэгтийн нэг ам.доллартой харьцах ханш 1221.05 вонтой тэнцсэн бөгөөд энэ нь валютын арилжааны пүрэв гаргийн хаалтын ханштай харьцуулахад 14.55 воноор буурсан үзүүлэлт аж.
Эдийн засагт үзүүлэх коронавирусний нөлөөллийг багасгах болон дэлхий даяар халдварын тархалтыг бууруулахтай холбоотой арга хэмжээ АНУ-д тодорхойгүй байгаа нь санхүүгийн зах зээл дэх байдлыг улам бүр дордуулна гэж ажиглагчид үзэж байна. Хөрөнгө оруулагчдын сэтгэл санаанд нөлөөлж буй бас нэгэн хүчин зүйл бол Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас коронавирусний халдварыг тахлын хүрээнээс хальж цар тахлын хэмжээнд хүрснийг зарласан явдал юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.