“Нүүдэлчин Монгол - 2022” соёлын биет бус өвийн Их наадам болно
Соёлын биет бус өвийн долоон ай савын 362 өвийн төрөл зүйлийн хүрээнд 2022 оны 8 дугаар сарын 12-14-нд “Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газар”-т “Нүүдэлчин Монгол - 2022” их наадам зохион байгуулна.
Энэ онд соёлын салбарын хөгжлийн бодлогод туссан зорилт арга хэмжээ, хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор “Нүүдэлчин Монгол - 2022” соёлын биет бус өвийн их наадмыг Соёлын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар хамтранэнэхүү их наадмыг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байгаа юм.
Соёлын биет бус өвийн их наадмаар 21 аймаг, нийслэлийн шилдэг өвлөн уламжлагч нарын зан үйлийн үзүүлбэр, язгуур урлагийн тоглолт, гар урлалын үзэсгэлэн гаргаж соёлын биет бус өвийг таниулан сурталчлах юм. Мөн уралдаан, тэмцээн, соёлын бүтээлч үйлдвэрлэл, үзэсгэлэн худалдаа, орон нутгийн онцлогийг харуулсан уламжлалт хоол хүнс, идээ ундааны фестиваль, шилдэг өвлөн уламжлагч болон нүүдэлчдийн хүүхдийн тоглолт зэрэг олон талт үйл ажиллагаа зохион байгуулах юм байна.
Соёлын биет бус өв нь аливаа үндэстэн, угсаатны бүлэг, хамт олны оршин тогтнох, сэтгэн бүтээж туурвих, амьдран хөгжих эх ундарга билээ. Хүмүүний амьдралын өвөрмөц төрх, зан үйл, хөгжил дэвшлийнх нь нэгэн илэрхийлэл бөгөөд өргөн утгаараа тухайн улс, үндэстний соёл иргэншлийн аюулгүй байдалд шууд нөлөөлж байдаг чухал хүчин зүйл юм.
Иймээс ч соёлын биет бус өвийг хадгалж хамгаалах асуудал хүн төрөлхтөний нэн тулгамдсан зорилтын нэг болж, дэлхий нийтийн анхаарлын төвд байсаар байна.
“Соёлын биет бус өв” гэж хамт олон, бүлэг, хувь хүн соёлын өвийнхөө бүрэлдэхүүн хэсэг гэж хүлээн зөвшөөрсөн зан заншил, дүрслэх болон илэрхийлэх хэлбэр, уламжлалт мэдлэг, арга барил, тэдгээртэй холбоотой эд өлгийн зүйл, зэмсэг, урлагийн бүтээл, соёлын орон зайг” ойлгоно хэмээн “Соёлын өвийг хамгаалах тухай хууль”-д тодорхойлсон байдаг.
Монгол Улс Соёлын биет бус өвийг хамгаалах тухай ЮНЕСКО-ийн 2003 оны конвенцид 2005 онд нэгдсэн бөгөөд өөрийн нутаг дэвсгэр дээрх соёлын биет бус өвийг хамгаалах үүргийг олон улсын өмнө хүлээдэг билээ.
Монгол Улс ЮНЕСКО-ийн Хүн төрөлхтний Соёлын биет бус өвийн Төлөөллийн жагсаалтад Морин хуур хөгжмийн уламжлалт урлаг (2008), Монгол ардын уртын дуу (2008), Монгол наадам (2010), Монгол ардын Хөөмэйн урлаг (2010), Шувуулахуй буюу бүргэдээр ан хийх зан үйл (24 улстай хамтран бүртгүүлсэн, 2010), Монгол гэрийн уламжлалт урлал, зан үйл (2013), Шагайн харваа (2014), Хөхүүрийн айраг исгэх зан үйл (2019) зэрэг нийт 8 өвийг бүртгүүлээд байна.
ЮНЕСКО-ийн Яаралтай хамгаалах шаардлагатай Соёлын биет бус өвийн жагсаалтад Монгол тууль (2009), Монгол бий биелгээ, уламжлалт бүжгийн урлаг (2009), Монгол цуур хөгжмийн уламжлалт урлаг (2009), Монгол Лимбэчдийн уртын дуу тоглох уламжлалт арга барил – битүү амьсгаа (2011), Монгол уран бичлэг (2013), Ингэнд ботго авахуулах зан үйл (2015), Уул овоо тахих монгол зан үйл (2017) зэрэг нийт 7 өвийн төрөл зүйл бүртгэгджээ.
ЮНЕСКО-ийн Соёлын биет бус өвийг хамгаалах тухай 2003 оны конвенцыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Монгол баатарлаг туульсыг түгээн дэлгэрүүлэх” тухай зарлиг, Монгол Улсын Засгийн газраас “Соёлын биет бус өвийн Үндэсний хөтөлбөр”-ийг баталж, соёлын биет бус өвийг хамгаалах цогц арга хэмжээг бодлогын баримт бичигт тусган хэрэгжүүлсэн. Мөн “Төв Азийн тууль-II” Олон улсын симпозиум, их наадам (2013 он), ”Монгол туулийн уламжлалыг хадгалж хамгаалах, сэргээн амилуулах нь” төсөл (2013-2016 он), конвенцыг хэрэгжүүлэхэд Монгол Улсын чадавхыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд (2012-2016 он) онолын болон практик хосолсон цуврал сургалт, ЮНЕСКО-ийн Соёлын биет бус өвийн олон улсын сангийн дэмжлэгтэйгээр “Монгол уртын дуу лимбэдэх уламжлалт арга битүү амьсгааг өвлүүлэн уламжлуулж, тогтворжуулах нь” төсөл (2019-2022 он) “Монгол бий биелгээг тогтворжуулж, өвлүүлэн уламжлуулах нь” төсөл зэрэг соёлын биет бус өвийг хамгаалахад чиглэсэн олон талт арга хэмжээг зохион байгуулж ирсэн.
Манай улс өөрсдийн нүүдлийн соёлын дахин давтагдашгүй байдал, онцлогийг харгалзан соёлын биет бус өвийг (1) Эх хэл, аман уламжлал, илэрхийллүүд, (2) Ардын язгуур урлаг, (3) Уламжлалт баяр наадам, зан үйл, ёс, тоглоом наадгай, уриа дуудлага, (4) Байгалийн болон сав шим ертөнцийн тухай мэдлэг, зан үйл, (5) Уламжлалт арга ухаан, (6) Мал маллах арга ухаан, (7) Уламжлалт гар урлал зэрэг долоон ай савд хуваан авч үздэг.
Монгол Улсын “Соёлын биет бус өвийн Төлөөллийн үндэсний бүртгэл”-д соёлын биет бус өвийн долоон ай савын төрөл зүйлд хамаарах 279 өв, “Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн үндэсний бүртгэл”-д долоон ай савын 83 өвийн төрөл зүйл зэрэг нийт 362 өв хамрагдсан байдаг.
Засгийн газрын 2019 оны 475 дугаар тогтоолоор батлагдсан “Соёлын биет бус өвийг өвлөн уламжлагчийн үндэсний жагсаалт”-д 102 өвлөн уламжлагч бүртгэгдсэн бол 2022 оны байдлаар Соёлын өвийн улсын нэгдсэн бүртгэл, мэдээллийн сангийн анхан шатны бүртгэлд 11189 өвлөн уламжлагч бүртгэгдсэн байна.
“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод “Үндэсний оюун санаа, өв соёл, сэтгэлгээнд тулгуурласан бүтээгч монгол хүн төвтэй нүүдлийн соёл иргэншлийг хадгалсан тэргүүлэх улс болно”, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Соёлын өвийг дэлхий дахинд сурталчлах чиглэлээр олон улсын арга хэмжээг зохион байгуулна”, “Байгаль, түүх, соёлын аялал жуулчлалын эвент арга хэмжээнүүдийг тогтмол зохион байгуулж, цар хүрээг өргөжүүлнэ” гэж тус тус заасан байдаг.
Мөн соёлын биет бус өвийг хадгалж хамгаалах, түүнийг өвлөн уламжлагчийг тодруулах, алдаршуулах, авьяас билгийг хөгжүүлэх, олон нийтэд сурталчлан, түгээн дэлгэрүүлэх зорилгоор 3 жил тутам улсын хэмжээнд соёлын биет бус өвийн их наадмыг зохион байгуулж байхаар “Соёлын өвийг хамгаалах тухай хууль”-д заажээ.
2018 онд Улаанбаатар хотын Хүй долоон худагт “Нүүдэлчин Монгол - 2018” соёлын биет бус өвийн их наадмыг ЮНЕСКО-ийн 2003 онд батлагдсан “Соёлын биет бус өвийн хамгаалах тухай Конвенц”-ийн зарчим, үзэл баримтлалын дагуу 5 ай савын хүрээнд 27 засаг захиргааны нэгжийн 2697 өвлөн уламжлагчийг хамруулан зохион байгуулсан билээ.
Эх сурвалж:https://montsame.mn/mn/read/301029
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.