“Чингис хаан” музей албан ёсоор үүдээ нээлээ

“Чингис хаан” музей албан ёсоор үүдээ нээлээ

Хүннүгийн эзэнт гүрний үеэс XX зууны эх хүртэлх 2000 жилийн хугацаан дахь хаад, язгууртан, нүүдэлчдийн түүхийг цогцоор нь харуулсан төрт ёсны “Чингис хаан” музейг өнөөдөр нээн, есөн хөлт цагаан туг тахих ёслол боллоо.

Нээлтэд төрийн гурван өндөрлөг, УИХ, Засгийн газрын гишүүд, Хотын дарга болон Монгол Улсад суугаа Элчин сайд нар, төр, нийгэм, урлаг, соёлын нэрт зүтгэлтнүүд оролцсон юм.

Музей олон нийтэд нээлттэй болсноор монголчуудын түүх, соёлыг дэлхий нийтэд сурталчлан таниулахын зэрэгцээ Улаанбаатар хотыг зорих жуулчдын тоо нэмэгдэх зэргээр нийслэлийн аялал жуулчлалын салбарт үнэтэй хувь нэмэр оруулах юм.

Нээлтийн үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Их эзэн Чингис хаан болон түүнийг залгамжилсан их хаадын үйл хэргийг монголчууд бид судлан шинжилж, хадгалан хамгаалж, улс орондоо төдийгүй дэлхий ертөнцөд сурталчлан таниулж, түгээн дэлгэрүүлэх нь эзэн хаанаараа овоглосон монгол хүн бүрийн үеийн үед эрхэмлэн дээдлэх учиртай ариун үүрэг. Монголын түүхэнд тодоор үлдэх энэхүү түүхэн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан уран бүтээлчид, зураач, дархчууд, барилгачид, инженер техникийн ажилчид, төрийн албан хаагч, Соёлын яам, “Чингис хаан” музейн удирдлага, хамт олон болон бүтээн байгуулалтын ажилд гар бие оролцсон бүх хүн, байгууллага хамт олонд Монголын ард түмний нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье” хэмээлээ.

“Чингис хаан” музейн захирал, академич С.Чулуун тус музей нь Ази тивдээ эхний 10-т багтах хэмжээтэй, эх үзмэрийнхээ эзлэх хувиар тэргүүлсэн, аюулгүй байдал, сан хөмрөгийн хадгалалт, хамгаалалтын хамгийн орчин үеийн шийдэлтэй, мэргэжлийн боловсон хүчнээр бүрэн хангагдсан, нүүдэлчин иргэншлийн цогц түүхийг харуулж чадахуйц гэдгийг онцлов.  

“Чингис хаан” музей нь 12 мянга орчим үзмэртэй бөгөөд 92 хувь нь эх үзмэр, үлдсэн нь гадаадын 10 гаруй улсын музей, номын сан, архивт байгаа зарим нэг эд өлгийн зүйлсийн хуулбар бүтээл юм. Музей нь Монголын эртний төрт улс, эртний нүүдэлчдийн төрт улс, Их Монгол Улс, Монголын Их эзэнт улс, Чингис хааны угсааны хаад, язгууртны болон Их хааны хүндэтгэлийн өргөө гэсэн байнгын үзмэрүүдээс бүрдэнэ. Мөн музейг үзэх, хүүхдийн сургалтын хөтөлбөрт хамрагдах, мини кино театраар үйлчлүүлэх зэрэг бүх үйлчилгээг авахад 8.5 цаг, зөвхөн музей үзэхэд дунджаар таван цаг зарцуулах хэмжээний баялаг үзмэртэй гэдгийг музейн удирдлагууд онцолж байлаа.

Түүнчлэн, орчин үеийн технологийн дэвшлийг ашигласан интерактив, VR системийг музейд нэвтрүүлжээ. Дурсгал бүрд QR код байх бөгөөд гар утсаараа уншуулан орос, англи, цаашид НҮБ-ын таван хэлээр нэмэлт тайлбар авах боломжтой.

Музей маргаашаас иргэдэд үйлчилж эхэлнэ. 16 насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үнэ төлбөргүй, харин насанд хүрэгчдэд 30.000, оюутанд 15.000, гэр бүлд 20.000 төгрөгөөр үйлчлэх юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.