Хятадад 250 сая хүнээс “COVID-19”-ийн халдвар илэрчээ
Хятадын Засгийн газар гурав шахам жил мөрдөгдөж, коронавирусийг хяналтдаа байлгаж байсан хазгаарлалтуудыг цуцалсны дараа 12 дугаар сарын эхний 20 хоногт 250 сая хүнээс “COVID-19”-ийн халдвар илэрчээ. Энэ нь тус улсын хүн амын 18 хувь юм.
“Financial Times” сонинд бичиж буйгаар, зөвхөн өнгөрсөн долоо хоногийн мягмар гарагт гэхэд л 37 сая хүн буюу хүн амынх нь 2.6 хувь нь коронавирусний халдвар авчээ.
"Хаалттай хуралдааны үеэр өгсөн тоо баримт нь дурдсан хугацаанд “COVID-19”-ийн шинж тэмдэгтэй 62,592 тохиолдол бүртгэгдсэн гэж мэдээлсэн үндэсний эрүүл мэндийн комиссынх нь мэдээлэлтэй зөрж байна. Өнгөрсөн долоо хоногт Хятадын эрх баригчид “COVID-19”-ийн шинжилгээг зогсоосны дараа халдварын нийт тоог тоолохыг зогсоосон" гэж тус хэвлэлд мэдээлсэн байна.
Халдварын дэгдэлтийн улмаас нийслэл Бээжин болон бусад хотын эмнэлгүүд өндөр настай, хэвтэрт орсон өвчтөнүүдэд дарагджээ. Яаралтай болон эрчимт эмчилгээний тасагт цөөн тооны л хоосон ор үлдсэн байна. Гэсэн хэдий ч тус улс ковидын хязгаарлалтаас татгалзсан хэвээр байна.
"Хятад улс 12 дугаар сарын 1-нээс хойш ердөө найман хүн нас барсан тухай албан ёсоор мэдээлсэн. Энэ долоо хоногт эрүүл мэндийн өндөр албан тушаалтнууд “COVID-19”-өөс үүдэлтэй нас баралтын талаарх тодорхойлолтыг улам нарийвчилсан нь нийт нас баралтын тоог дарах боломжтой болгосон" гэж сонинд тэмдэглэжээ.
“Financial Times” сонинд мөн Бээжин хотын цогцос чандарлах газрууд ачааллаа дийлэхгүй байгааг онцолсон байна. Үүнээс гадна, тус сонины сурвалжлагчид очсон эмнэлгүүдэд цогцос дүүрсэн байжээ.
Хятад улс цар тахал дэгдсэнээс хойших “COVID-19”-ийн халдварын хамгийн том давлагаанд автаад байгаа бөгөөд тус улсад өдөрт илрэх халдварын шинэ тохиолдлын тоо 37 саяд хүрсэн байна.
Өвчний шинэ давлагаа үүсэж болзошгүй байгаа тул Хятадад цар тахал дууссаныг зарлахад хол байна гэж шинжээчид үзэж байна. Хятадын эрх баригчид "ковидыг тэглэх" бодлогоосоо татгалзаж эхэлсний дараа эрдэмтэд ийм анхааруулгыг өгчээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.