БНСУ-аас ирэх 85 хүн тусгаарлах байрны төлбөрөө төлжээ
Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу БНСУ-аас иргэдээ авчрах эхний нислэг 2020 оны гуравдугаар сарын 15-ны 07:45 цагт Улаанбаатар-Сөүл чиглэлд хийгдэнэ.
Иймд тус нислэгээр ирэхээр бүртгүүлсэн иргэд өнөөдрийн буюу 2020 оны гуравдугаар сарын 14-ны өдрийн 14:00 цагаас өмнө Монгол Улсад ирээд тусгаарлагдах байр, хоолны зардлаа Онцгой байдлын ерөнхий газрын /ХААН БАНК 5084538375/ дансанд хийж, суудлаа баталгаажуулахыг онцгой анхааруулж байгаа аж. Төлбөр хийгээгүй тохиолдолд бүртгэлээс хасаж, төлбөрөө төлсөн дараагийн иргэнийг онгоцонд суулгах юм байна.
Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр “Одоогийн байдлаар 210 хүн тусгаарлах байрны төлбөрөө төлсөн. Үүнээс 85 хүн БНСУ-аас ирэх хүмүүс. Тусгаарлах байрны зардлыг 50 мянга болон 40 мянган төгрөгөөр тооцсон. Хоол хүнс, байрны зардал. Бид сувилал болон цэргийн зориулалттай байрууд сонгосон. Мөн зарим зочид буудал төлбөрийн нөхцөлтэй уялдуулж үйлчилгээ үзүүлэх боломжтой гэдгээ илэрхийлсэн. Өвчтэй, өндөр настай, жирэмсэн, тухайн улс оронд эмчилгээ хийлгэж байсан хүмүүсийг сувилалд байрлуулах бол бусад иргэдийг БХИС зэрэг цэргийн зориулалттай байруудад цөөн тоогоор байрлуулна.
Бид төлбөрийг хүлээж авах ажлын хэсэг байгуулсан. Үүссэн асуудал гэвэл зарим тохиолдолд АТМ-аас төлбөр төлсөн байна. Хэний төлбөрийг төлсөн нь мэдэгдэхгүй. Мөн нэг хүн хэд хэдэн хүний төлбөрийг төлсөн байна. Төлбөр төлөхдөө гүйлгээ хийж байгаа хүн өөрийнхөө нэрийг бичсэн байна. Ямар хүн төлбөр төлсөн нь тодорхойгүй. Тиймээс төлбөрөө төлсөн иргэд төлбөрийн мэдээллээ баталгаажуулах шаардлагатай байна.
Иргэдийг ирэхээс өмнө ар гэрийнхэн нь цагаан хэрэглэлийг бэлтгэх учиртай байсан ч иргэд идэвхгүй байна. Тиймээс 100 ширхэг цагаан хэрэглэлийг зээлээр аваад бэлтгэсэн. Цагаан хэрэглэлийн төлбөр 20 мянган төгрөг” хэмээн мэдээлэл өгөв.
Тэрбээр мөн “Энэ удаад иргэдийн хүсэлтээр татан авах ажиллагааг зохион байгуулж байгаа. Тиймээс иргэд шуурхай штабаас тавьж байгаа шаардлагыг ягштал биелүүлэх ёстой” гэлээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.