Х.Нямбаатар: С.Зориг агсаны амь насыг хөнөөсөн хэргийг үргэлжлүүлэн шалгана
ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар өнөөдөр Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарт холбогдох хэргийг нийслэлийн Прокурорын газраас хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэсэн тухай асуудлыг Засгийн газрын хуралдаанд танилцуулсан байна.
Салбарын сайд энэ тухайд "УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгч асан С.Зориг агсаны амь насыг улстөрийн зорилгоор хөнөөсөн гэх хэрэгт шалгагдаж, гурван шатны шүүхээс гэм буруутай нь тогтоогдон, сүүлд шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас улсын Дээд шүүхээс шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэрэгт шалгагдсан Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг яллагдагчаар татсан тогтоолыг хэрэгсэхгүй болгохоор өнөөдөр нийслэлийн Прокурорын газраас шийдвэрлэсэн.
Тодруулбал, 1998 оны 10 дугаар сарын 2-ны өдөр С.Зориг агсаны амь насыг бүрэлгэсэн гэх хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, улмаар тэдгээр иргэдэд 20 жилийн хорих ял оноосон. Эдгээр иргэдийг ялаа эдэлж байх хугацаанд хэргийг мөрдөн шалгаж байсан нэр бүхий албан тушаалтнууд эрүүдэн шүүсэн нь тогтоогдсон юм. Иймд прокуророос шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хэргийг дахин хянаж үзэх саналаа улсын Дээд шүүхэд удаа дараа хүргүүлсэн. Нийслэлийн Прокурорын газар өнөөдөр мөрдөгчөөс ирүүлсэн саналыг үндэслэж, тэдгээр хүмүүсийг яллагдагчаар татсан тогтоолыг хүчингүй болголоо. Ингэснээр хэрэг нь хэрэгсэхгүй болсон иргэд учирсан хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх бололцоо бүрдэж байна. Түүнчлэн С.Зориг агсаны амь насыг хөнөөсөн хэргийг үргэлжлүүлэн шалгана" гэлээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.