БНСУ-ын шилдэг компаниудын жагсаалтад “Samsung Electronics” тэргүүлжээ
Дэлхийн технологийн салбарт тэргүүлэгч компаниудын нэг “Samsung Electronics” БНСУ-ын топ 500 компанийн жагсаалтыг дахин тэргүүллээ. 2022 оны шилдэг компаниудын жагсаалтад 42 компани шинээр нэмэгджээ.
“Samsung Electronics”-ийн борлуулалт өнгөрсөн онд 302.2 их наяд вонд /228 тэрбум ам.доллар/ хүрснээр жагсаалтын эхний байрт бичигдсэн гэж “CEO Score” судалгааны байгууллага лхагва гарагт мэдээлсэн байна.
Харин БНСУ-ын тэргүүлэх автомашин үйлдвэрлэгч “Hyundai Motor” компани 142.5 их наяд воны борлуулалтаар хоёрдугаарт жагссан бол өнгөрсөн онд тавдугаарт бичигдэж байсан “Kia” компани /86.6 их наяд вон/ гуравдугаарт жагсжээ.
Эдгээрийн араас “LG Electronics”, “Korea Electric Power”, “Hanwha Corp”, “GS Caltex Corp”, “Meritz Securities”, “SK Trading International”, “SK Innovation”, “Hana Bank” эхний 10-т орсон байна.
Түүнчлэн шилдэг компаниудын жагсаалтад цэнэг хураагуур үйлдвэрлэгч “SK On” тэргүүтэй компаниуд шинээр нэмэгдсэн бол “Korea Ocean Business” зэрэг таван компани хасагджээ.
Харин өнгөрсөн онд “Daewoo Engineering & Construction” компанийг худалдан авсан “Jungheung Construction” хамгийн олон буюу 326 дугаар байраас 75 дугаар байр луу ахисан амжилт үзүүлсэн байна.
БНСУ-ын шилдэг 500 компаниудыг төрлөөр нь ангилбал, нефть-химийн компани хамгийн олон буюу 49 байсан бол араас нь автомашин, авто сэлбэг үйлдвэрлэгчид /44/, барилга, барилгын материалын компаниуд /37/, мэдээллийн технологийн компаниуд /35/ жагсжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.