БНСУ-д гэрлэх хүсэлгүй бүсгүйчүүд нэмэгджээ
Өмнөд Солонгосын 60 гаруй насны нэгэн иргэн 30 гарсан охиндоо санаа зовинож байгаа тухайгаа хуваалцав. Түүний охин хүнтэй үерхэж, гэрлэх сонирхолгүй байгаа тухайгаа ээждээ ярьжээ. Дан ганц түүний охин гэлтгүй гэрлэх насны эмэгтэйчүүд хүнтэй гэрлэх, болзох сонирхолгүй байгаа нь түүний санааг зовоож эхэлсэн байна.
Саяхан явуулсан судалгаагаар Өмнөд Солонгост эрчүүдийн тал хувь нь гэрлэхээр төлөвлөж байгаа тухайгаа дурдсан бол эмэгтэйчүүдийн 1\4 орчим нь гэрлэлт төлөвлөсөн тухайгаа хуваалцжээ. Тус улсад төрөлт багасаж байгаа нь асуудал дагуулж эхэлсэн. Харин залуус гэрлэх бүү хэл болзох ч сонирхолгүй байгаа нь байдлыг улам бүр дордуулсаар байна.
Судалгаанд оролцогчдын 50 хувь нь "Эсрэг хүйстнээ ойлгоход төвөгтэй байдаг" хэмээсэн бол 40 орчим хувь нь "Хариуцлагагүй" байдлын улмаас гэрлэх сонирхолгүй байгаагаа дурджээ.
Эрчүүдийн 46 хувь эмэгтэйчүүдийг "Хэт биеэ даасан үзэл бодолтой" хэмээсэн бол 50 хувь нь "Дүр эсгэдэг" хэмээн хариулжээ. Харин эмэгтэйчүүдийн ердөө 24 хувь нь эрчүүдийг "Чадварлаг" хэмээн дүгнэжээ.
Тус улсад нийгэм, эдийн засгийн тогтворгүй байдал нэмэгдсээр байгаа нь эсрэг хүйстнээ сонирхох хүслийг бууруулж байна хэмээн Дотоодын эдийн засгийн нийгэмлэгээс дурджээ. Үүний зэрэгцээ эрчүүдийн үнэлэмж буурч, эмэгтэйчүүд эрчүүдийг хүндлэх нь багассаар байгаа бөгөөд эмэгтэйчүүд гэрлэснийхээ дараа гэрийн ажил хийж, хүүхэд өсгөхөөс төвөгшөөж эхэлсэнтэй ч мөн холбоотой гэжээ.
Өмнөд Солонгост нэг жилд амаржиж буй эмэгтэйчүүдийн тоо 250.000-аас доош буужээ. Энэ нь сүүлийн 10 жилийн өмнөхөөс 50 хувь буурсан үзүүлэлт аж.
2022 онд төрөлтийн түвшин 0.78 хувь байсан бөгөөд энэ нь 1000 том хүн тутамд 5 хүүхэд ноогдож байна гэсэн үг. Ковидийн улмаас гэрлэлт огцом буурч, төрж буй эхчүүдийн нас нэмэгдсээр байна. Төрөлт бага байгаагаас үүдэн тус улсад хүн амын тоо буурах нөхцөл байдал үүсэж магадгүй гэж судлаачид таамаглаж байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.