БНАСАУ, ОХУ хамтын ажиллагааны протоколд гарын үсэг зуржээ

БНАСАУ, ОХУ хамтын ажиллагааны протоколд гарын үсэг зуржээ

БНАСАУ ба ОХУ Пёньян хотноо болсон эдийн засаг, шинжлэх ухаан, технологийн асуудлаарх хоёр талын хэлэлцээний дараа олон салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх тухай протоколд гарын үсэг зурлаа гэж БНАСАУ-ын төрийн мэдлийн хэвлэл өнөө өглөө мэдээллээ. 

Хоёр тал лхагва гарагт Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагааны хорооны 10 дугаар хуралдааныг хийсний дараа гэрээнд гарын үсэг зурсан гэж Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг /KCNA/ мэдээлээд илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.

Энэхүү уулзалт нь БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нарын есдүгээр сард болсон дээд хэмжээний уулзалтын үргэлжлэл байв. Уулзалтад оролцохоор Байгалийн нөөцийн сайд Александр Козлов тэргүүтэй Оросын засгийн газрын төлөөлөгчид мягмар гарагт Пёньянд хүрэлцэн иржээ.

Уулзалтын явцад Ким-Путиний дээд хэмжээний уулзалтаар тохиролцсон “худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, технологи зэрэг олон салбар дахь хоёр талын солилцоо, хамтын ажиллагааг сэргээн өргөжүүлэх” явцыг хэлэлцсэн гэж KCNA мэдээлжээ.

Эдийн засгийн хамтын ажиллагааны асуудлаарх сайд нарын түвшний зөвлөлдөх байгууллага болох Умард Солонгос-Оросын хороо 1996-2019 оны хооронд есөн удаагийн уулзалт хийжээ. 

"Ирэх 11 дүгээр сард болох уулзалтаар тус хороо хүнсний тусламж, эдийн засаг, ложистикийн хамтын ажиллагаанаас эхлээд Умард Солонгосын ажилчдыг Орос руу илгээх зэрэг олон асуудлыг хэлэлцэнэ" гэж Өмнөд Солонгосын Үндэстнээ нэгтгэх яам өмнө нь мэдээлээд байжээ.

ОХУ-тай зэвсгийн наймаа хийж байна гэсэн хардлага байсаар байгаа энэ үед олон улсын хамтын нийгэмлэг уг яриа хэлэлцээг анхааралтай ажиглаж байгааг тус яам Умард Солонгосын талд анхааруулсан байна.

Түүнчлэн БНАСАУ, ОХУ-ын Спортын сайд нар Пёньянд хэлэлцээ хийж, 2024-2026 онд спортын салбарын солилцоо, хамтын ажиллагааг өргөжүүлэх гэрээнд гарын үсэг зурсан тухай KCNA-гийн мэдээнд дурджээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.