БНСУ-д хууль ёсны дагуу хөдөлмөр эрхлэх зөвшөөрөлтэй визний төрлүүд
БНСУ-д ажил хөдөлмөр эрхлэх хүсэлтэй иргэд E7, Е8, Е10 визний ангилалтай холбоотой дараах мэдээлэлтэй танилцана уу?
БНСУ-д гадаад улсаас тусгай ур чадвар бүхий ажиллах хүчний Е-7, богино хугацааны улирлын чанартай ажиллах хүчний Е-8, далайн ажилтанд олгох Е-10 виз олгодог.
E7 буюу тусгай ур чадвартай боловсон хүчний визний ангилалд нийт 87 төрлийн мэргэжил байдаг.
E-7-1 /Мэргэжлийн боловсон хүчин/ 67 төрөл,
E-7-2 /Боловсон хүчин/ 9 төрөл,
E-7-3 /Ур чадвартай мэргэжилтэн/ 8 төрөл,
E-7-4 /Оноот системийн ур чадвартай ажиллах хүч/ гэсэн төрлүүд байдаг.
Е-7 визний 87 төрлийн ажлын байрнаас манай улсын иргэдэд Е-7-3 виз хамгийн тохиромжтой. Энэ визээр зөвшөөрдөг 8 төрлийн аль нэг мэргэжлээр ур чадвар эзэмшсэн боловсролын гэрчилгээтэй, 2-оос дээш жил салбартаа ажилласан туршлагатай байх шаардлага тавьдаг, ажлын байрны хувьд олдоц ихтэй, ажлын байрны төрөл нь манай улсаас ажиллах хүч авах боломжтой хувилбар юм. Тусгай ур чадвартай ажиллах хүчний виз хүсэх журамд заасан анкет, Солонгосын ажил олгогч монгол ажилтан авч ажиллуулах хүсэлтээ илэрхийлсэн баталгаа бичиг, хөдөлмөрийн гэрээ, ажилтны мэргэжлийн диплом, ажилласан туршлага зэргийг нотолсон баримт, бусад шаардсан визний материалыг бүрдүүлж Монгол Улсад суух БНСУ-ын ЭСЯ-ны Консулын хэлтэст хүсэлт гаргана. Тус Консулын хэлтсээс материалыг шалган БНСУ-ын Цагаачлалын албанд илгээнэ. Солонгосын Цагаачлалын алба хүлээн авсан визний материалыг хянан шалгаж хариу илгээнэ. Монгол Улсад суух БНСУ-ын Консулын хэлтсээс баталгаажсан визээ авна.
Е-7-4 виз нь ур чадвартай ажиллах хүчний оноот системийн виз бөгөөд хөдөлмөрийн гэрээний Е-9 визээр Солонгос улсад 4-өөс дээш жил ажилласан, хөрөнгө орлогын байдал, солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын оноо зэргээс хамаарч шалгуурт оноонд хүрвэл олгогддог виз бөгөөд гэр бүлээ дагалдан визээр урих давуу талтай. Е-9 визээр ирж ажиллаж буй гэрээт иргэд энэ виз рүү шилжиж, цаашлаад F2, F5 виз рүү шилжих боломжийг олж авна.
Е-8 виз нь улирлын чанартай ажиллах хүчний виз бөгөөд газар тариалан, загас ан агнуурын салбарт богино хугацаагаар авч ажиллуулдаг ажиллах хүчний виз юм. Энэ салбар нь ажиллах хүчний хомсдол ихтэй, ажил олгогчид нь гадаад ажилтан авч ажиллуулах хүсэлт ихээр тавьдаг. Улирлын чанартай ажиллах хүчний Е-8 визээр иргэдийг ажиллуулах асуудлыг хоёр орны аймаг, хот, дүүргийн иргэдийн төлөөлөгч нар хамтран ажиллах санамж бичиг байгуулан хэрэгжүүлдэг бөгөөд манай улс 2018 оноос хойш энэ журмаар ажиллах хүч илгээж эхэлсэн болно.
Далайн ажилтны Е-10 виз нь далайн боомт усан онгоцны чиглэлээр суралцаж төгссөн мэргэжлийн сертификаттай, салбартаа 5-аас дээш жил ажилласан туршлагатай байх зэрэг шаардлага тавигддаг. Монгол Улсын газар зүйн онцлог нь эх газрын хуурай сэрүүн уур амьсгалтай бүс нутагт оршдог тул монголчууд дээрх салбарт ажиллавал далайн өвчин тусах, ажиллах дадал туршлага хомс зэрэг дасан зохицоход хүнд салбар юм
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.