Тайландад заан ихэр тугал гаргасан ховор тохиолдол бүртгэгджээ
Тайландын төвийн нутагт Ази заан ихэр тугал гаргасан ховор тохиолдол бүртгэгдсэн талаар тус улсын байгаль хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Elephantstay” ашгийн бус байгууллага мэдээлжээ.
Тодруулбал, Тайландын нийслэл Бангкок хотоос хойд зүгт орших Аютхая мужийн “Ayutthaya Elephant Palace and Royal Kraal” хэмээх хүрээлэнд 36 настай, Жамжури гэдэг эм заан өнгөрсөн баасан гаргийн орой эр тугал гаргасан байна. Гэтэл 18 орчим минутын дараа дахин эм тугал төрсөн нь ажилтнуудыг гайхшруулжээ.
“Энэ бол байгалийн гайхамшиг” гэж “Elephantstay” олон нийтийн сүлжээнд бичсэн байна. Ихэр тугал төрүүлсэндээ гайхаж цочирдсон Жамжури хоёр дахь туглаа төрүүлснийхээ дараа түүн рүү дайрсан бөгөөд тугалыг хамгаалахыг оролдсон ажилтан шагайндаа бэртсэн байна.
“Elephantstay” байгууллагын захирал Мишель Риди хэлэхдээ, эх заан өмнө нь хэзээ ч ихэрлэж байгаагүй тул тугал руугаа дайрсан, заан ихэрлэнэ гэдэг маш ховор тохиолдол юм гэлээ. Тугалууд тус бүр 80 кг, 60 кг жинтэй төржээ. Тэдгээрийн нэрийг долоо хоногийн дотор өгөхөөр төлөвлөж байна.
Заан ихэр тугал гаргах нь маш ховор тохиодог бөгөөд нийт төрөлтийн дөнгөж 1 хувийг эзэлдэг гэж “Save the Elephants” байгууллагаас мэдээлжээ. Түүнчлэн эр, эм ихэр бүр ч ховор байдаг гэнэ. Ихрүүдийг Тайландын Ази зааны тоо толгойд нэмж оруулсан байна. Ази заан нь Олон улсын байгаль хамгаалах нийгэмлэгийн ховордсон амьтдын улаан жагсаалтад орсон амьтан юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.