УИХ дахь намын бүлгүүд байгуулагдлаа

УИХ дахь намын бүлгүүд байгуулагдлаа

УИХ-ын 2024 оны анхдугаар чуулганы өнөөдрийн хуралдаан 10 цаг 09 минутад гишүүдийн 56.3 хувийн ирцтэйгээр эхэлж, зургаан асуудал хэлэлцэн шийдвэрлэхээр тогтов.

УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-т “Монгол УИХ-ын тухай хуулийн 29.1-т заасан суудал авсан нам, эвслийн гишүүд бүлэг байгуулсан тухай шийдвэр, бүлгийн гишүүдийн нэрсийн жагсаалтыг бүлгийн дарга УИХ-ын даргад бичгээр ирүүлэх бөгөөд ийнхүү ирүүлснээр бүлэг байгуулсанд тооцно” гэж, 20.2-т “УИХ-ын дарга нам, эвслийн бүлэг байгуулсан тухай шийдвэр, түүний бүрэлдэхүүнд орсон гишүүдийн нэрсийг нэгдсэн хуралдаанд уншиж танилцуулна” гэж, Монгол УИХ-ын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т “Бүлэг даргаа гишүүдийн олонхын саналаар сонгож, бүлэг байгуулсан тухай шийдвэр, бүлгийн гишүүдийн нэрийн жагсаалтыг бүлгийн дарга УИХ-ын даргад бичгээр ирүүлэх бөгөөд ийнхүү ирүүлснээр бүлгийн эрх, үүрэг хэрэгжиж эхэлнэ” гэж тус тус заасан байдаг.

Энэ дагуу УИХ-ын ээлжит сонгуулийн дүнгээр бүлэг байгуулах хэмжээний суудал авсан улс төрийн намууд Улсын Их Хурал дахь намын бүлэг байгуулж, бүрэлдэхүүн болон даргыг сонгосон тухай шийдвэрээ УИХ-ын даргад бичгээр ирүүлсэн байна.

УИХ дахь МАН-ын бүлэг 68 гишүүнтэйгээр байгуулагдаж, бүлгийн даргаар УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатарыг сонгосон бол УИХ дахь АН-ын бүлэг 42 гишүүнтэйгээр байгуулагдаж, бүлгийн даргаар УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлийг сонгосон болохыг УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нэгдсэн хуралдааны эхэнд уншиж танилцуулан, намын бүлгийн гишүүд, дарга нарт амжилт хүслээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.