Сэлбэ голын эхэд байгуулсан хиймэл нуурын урсцыг тохируулан түр хааж, үерийн далан барьж байна
Голын голдирлыг өөрчлөн барьсан “S’Outlet” дэлгүүрийн буулгасан талбай орчимд үерийн түшиц хана барихаар Сэлбэ голын эхэд байгуулсан хиймэл нуурт усны урсцыг тохируулан түр хааж, үерийн далан барьж байна.
Дээрх хиймэл нуурын урсцыг тохируулан хааснаар лаг хагшаас цэвэрлэх, мод бургас зөөх, үерийн түшиц хана барих ажлыг хэвийн үргэлжлүүлэх боломжтой болж байгаа юм. Ажлаа дуусгасны дараа усыг хэвэнд нь урсгах аж.
Усны зөвлөх инженер, техник ухааны доктор Ц.Сосорбарам, “Сэлбэ голын эхэнд 13 га талбай бүхий газарт 300-500 мянган шоо метр нуур байгуулсан. Жил хагасын дотор хур тунадсаар дүүргэх төлөвлөгөөтэй байсан ч өнгөрсөн оны долоодугаар сард орсон гурван өдрийн борооноор нуур дүүрчихсэн. Хэрэв Сэлбийн эхэнд хиймэл нуур байгуулаагүй бол өнгөрсөн зуны үерийн хохирол илүү их байх байлаа. Үертэй тэмцэх гол арга бол урсац тохируулгын усан сан байгуулах. Дэлхийн бүх улсад голын урсац тохируулгын усан сан бий. Жишээ нь, Япон улсын газар нутаг манайхаас дөрөв дахин жижиг боловч голын урсац тохируулгын 67 мянган усан сантай. Усан сан байгуулснаар Сэлбэ голын урсцыг тохируулах, хатаж ширгэсэн тохиолдолд экологийн зардлыг хэмнэж усаар тэжээх, үер болохоос сэргийлэх, ойр орчимд ой хээрийн түймэр болоход усны нөөц бий болгох зэрэг ач холбогдолтой”-г онцолж байв.
Манай улс 1941 оноос гадаргын гол мөрний судалгааг эхлүүлж, 1982 оны долоодугаар сард Сэлбэ гол их хэмжээгээр үерлэсний дараа гол дагуу шороон далан барьжээ. Үүнээс хойш ямар нэгэн ажил хийгээгүй учир лаг хагшаас 1-1.5 метр өргөгдөн, усны түвшин нэмэгдэж, үер буух давтамжийг ихэсгэж байгаа. Харин усны мэргэжлийн байгууллага, эрдэмтдийн судалгаанд үндэслэн өнгөрсөн сараас тэдгээр голын лаг хагшаасыг цэвэрлэж байна. Ингэснээр үерийн эрсдэлээс тодорхой хэмжээнд сэргийлж чаджээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.