Монгол Солонгосын хамтарсан стартапыг дэмжих инновацын төв байгуулна
БНСУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар НЗДТГ, БНСУ-ын ЖДҮ, стартапын яамны харьяа Солонгосын гарааны бизнес ба энтрепренёршип хөгжлийн институт /KISED/ хамтран Монгол Солонгосын хамтарсан стартапыг дэмжих инновацын төв байгуулахаар болсон.
Тус төвийг байгуулснаар монголын гарааны бизнесийн экосистемийг хөгжүүлэх, тэдний үйлдвэрлэсэн инновацын бүтээгдэхүүн, үйлчилгээг эдийн засгийн эргэлтэд оруулах, экспортыг нэмэх, хүний нөөцийг бэлтгэж чадавхжуулах, харилцан туршлага солилцох ач холбогдолтой. Мөн гурван жилийн хугацаанд гурван мянга орчим гарааны бизнес эрхлэгч залуус дээрх төвөөр үйлчлүүлж, мянга гаруй төрийн албан хаагч, мэргэжилтнийг чадавхжуулах, туршлага судлах сургалтад хамруулахаас гадна гарааны 45 бизнесийг дэмжинэ. ЕБС-ийн сурагч, их дээд сургуулийн оюутнуудад зориулсан стартап, инновацын сурах материал болон стартапыг дэмжих сургалтын хөтөлбөрийг боловсруулах аж.
Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Н.Мандуул БНСУ-ын ЖДҮ, стартапын яамны харьяа Солонгосын гарааны бизнес ба энтерпренёршип хөгжлийн институт /KISED/-ийн зөвлөх доктор, профессор Ким Жүн Хёныг хүлээн авч уулзаа. Уулзалтаар талууд инновацад суурилсан бизнес буюу гарааны бизнесийг хөгжүүлэх, нийгэм, эдийн засгийн өндөр үр ашигтай бизнесүүдийг дэмжих, төрийн албан хаагчдыг чадавхжуулах, туршлага солилцох, оюутан солилцооны талаар санал солилцов.
Энэ үеэр Н.Мандуул, “Инновацын төв ашиглалтад орсноор хоёр улсын бизнесийн орчныг сайжруулж, бизнес эрхлэгчдийг холбож, сайн туршлага солилцох таатай орчин бүрдэнэ гэж итгэж байна. Нийслэлээс тус төвийг ашиглалтад оруулахад бүх талаар дэмжинэ” хэмээснийг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээлжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.