Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд өргөн барилаа.
Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлэхэд 280 мянган ажлын байр бий болох тооцоо бий. Хүн ам зүйн бага төрөлттэй холбоотой 2028 он хүртэл ажиллах хүчний хомсдол үүсэх судалгаа гарчээ. Жилд 30-40 мянган ажлын байрны хомсдол үүсэж байна. Бүтээмж, цалин ихтэй уул уурхай, мэдээлэл технологи, банк санхүүгийн салбарт гадаадаас ажиллах хүчний хязгаар тогтоож, дотоодын ажиллах хүчээ эдгээр салбарт түлхүү ажиллуулахыг дэмжинэ. Харин барилга, зам, боловсруулах үйлдвэр зэрэг улирлын шинж чанартай бүтээн байгуулалтын салбарт гадаад ажилтны ажлын байрны төлбөрийг хөнгөлөх, чөлөөлөхийг УИХ-аас баталсан бодлогын баримт бичгийн хүрээнд Засгийн газар уян хатан шийдэж болохыг хуулийн төсөлд тусгалаа. Мөн гаднаас ажиллах хүч авах зөвшөөрлийг 2 сар хүлээдэг хүнд суртлыг арилгаж, цахимаар авах боломжийг нээхээ ГБХНХЯ мэдээлэв.
Хуулийн төслийг баталснаар стратегийн ач холбогдол бүхий дэд бүтэц, үйлдвэрлэлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, хөгжлийн төслийг хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой аж.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.