Боловсролын цахим мэдээллийн сан бүрдүүлэх, ажиллуулах журмыг шинэчлэн баталсан
Боловсролын үйлчилгээ үзүүлдэг цахим системүүдийг хооронд нь уялдуулах, мэдээлэл солилцоог сайжруулах, нэгдсэн интерфэйс архитектурыг боловсруулах зорилгоор Боловсролын цахим мэдээллийн сан бүрдүүлэх, ажиллуулах журмыг шинэчлэн баталсан тухай Боловсролын яамнаас мэдээлэв.
Журмыг Боловсролын сайдын зөвлөх Д.Гантулгаар ахлуулсан, Боловсролын яам, харьяа байгууллагууд болон систем хөгжүүлэгч Edtech компаниудын төлөөлөл бүхий 40 орчим гишүүнтэй ажлын баг ажиллан баталсан байна.
Энэхүү журмыг баталснаар боловсролын салбарын цахим шилжилтийг либералчлах эхлэл тавигдаж байгааг Боловсролын сайд П.Наранбаяр тодотгов
Боловсролын цахим мэдээллийн сан бүрдүүлэх, ажиллуулах журмын төсөлд дараах онцлох өөрчлөлтийг тусгажээ. Үүнд:
-Сургалтын байгууллага, Edtech компанийн харилцаанд төрийн шаардлагагүй оролцоог багасгаж, шаардлагатай тохиолдолд Боловсролын яамнаас хяналт тавих
-Мэдээлэл солилцох боломжтой эсэхэд заавал Боловсролын яам болон Боловсролын ерөнхий газар оролцолгүйгээр технологийн мэргэжилтнүүд нь шийдвэрлэх боломжтой байх
-Сургалтын байгууллага, Edtech компани хоорондоо гэрээ байгуулахдаа системийн ерөнхий болон тусгай шаардлага хангаж байгаа эсэхийг Удирдах зөвлөл ба бусад зөвлөлөөр хэлэлцэн шийдвэрлэдэг болох
-Гэрээ байгуулахдаа цахим систем ашиглах, аливаа субьектээс хамааралгүй мэдээлэл солилцох үйл явц хэвийн үргэлжлэх
-Систем ашиглалтын зардлыг эцэг, эх асран хамгаалагчдад сайн дурын үндсэн дээр хариуцуулдаг болох юм.
Боловсролын яамнаас сургалтын зориулалтаар ашиглаж байгаа программ хангамж, систем, цахим шилжилттэй холбоотой боломжит ажил үйлчилгээг хувийн хэвшлээр гүйцэтгүүлж либералчлах, компаниуд төсөл хэрэгжүүлэхийн тулд төрийн байгууллагыг зорьдог биш, сургууль, багш, сурагч, эцэг эх, асран хамгаалагчдын хэрэгцээ шаардлагыг хангах байдлаараа өрсөлддөг зах зээлийн зарчмыг бий болгох бодлого баримталж байгаа аж.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.