Эко Туул-2020” хяналт шалгалтын үйл ажиллагаа явуулав

Эко Туул-2020” хяналт шалгалтын үйл ажиллагаа явуулав

Монголын Байгаль орчин-иргэний зөвлөл” ТББ Туул голын сав газрын захиргаа, Экологийн цагдаагийн алба хамтран өнгөрсөн амралтын өдрүүдэд “Эко Туул-2020” үйл ажиллагаа явуулав. Тодруулбал, Туул голын ай сав газрыг бохирдлоос хамгаалах, хог хаягдал хаясан иргэн, ААН-ийг олж тогтоон хариуцлага хүлээлгэх зорилгоор Баянзүрх дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэр Гачууртын хар хошуунаас Хан-Уул дүүргийн 13-р хорооны нутаг дэвсгэр Био-Комбинатын модон гүүр хүртэл голын эрэг дагуу хянаж шалган ажиллажээ.

Хэсэгчилсэн үйл ажиллагааны хүрээнд голын эрэг дагуу гэр бүлээрээ агаар, салхинд гарсан иргэдтэй уулзаж, ярилцлага зохион байгуулж, хог хаягдал, байгаль орчноо хамгаалах талаар ухуулга яриа хийж, хог хаягдал хаясан, иргэнд хариуцлага тооцох тухай хуулийн заалт бүхий санамж, материал тарааж ажиллав.
Хяналт шалгалтаар Баянзүрх 11-р хороо “Хүрхрээ ам”-ны харалдаа хэсэгт, Туул голын онцгой хамгаалалтын бүсэд голын эрэг дагуу их хэмжээний барилгын хог хаягдал хаясан зөрчлийг бүртгээд байна.
Мөн Баянзүрх 11-р хороо “Хүрхрээ ам”-ны харалдаа хойд хэсгийн усан сан бүхий газарт ISUZU” /миксер/ маркийн тээврийн хэрэгслийн жолооч С нь бетон зуурмагын үлдэгдэл угаадсыг зохих зөвшөөрөлгүй асгасан, мөн Баянзүрхийн товчооны хэсэгт, Туул голын гүүрний баруун урд хэсэгт иргэн М нь өөрийн жолоодож явсан тээврийн хэрэгслээ голын усанд угаасан зэрэг зөрчлийг илрүүлэв

Сонгинохайрхан дүүргийн 20 хороо Сонсголонгийн замаас баруун тийш 2 км орчим зайд мөн “HYUNDAI /миксер/ маркийн тээврийн хэрэгслийн жолооч Б нь бетон зуурмагын үлдэгдэл угаадсыг зохих зөвшөөрөлгүй асгасан зэрэг зөрчлийг илрүүлэн хуульд зааснаар хариуцлага тооцон ажиллав.

Зөрчлийн тухай хуулийн Усны тухай хууль зөрчих хэсэгт: Усан сан бүхий газарт хог хаягдал хаясан, эсхүл машин техник, бохир зүйл угаасан, эсхүл усны нөөцийг бохирдохоос хамгаалах үүргээ биелүүлээгүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг 100 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгон хариуцлага хүлээлгэж буй юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.