Монгол улс, БНСУ-тай тав дахь шатны хэлэлцээг хийнэ

Монгол улс, БНСУ-тай тав дахь шатны хэлэлцээг хийнэ

Монгол Улс, БНСУ хооронд багйуулах “Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр”-т бизнес эрхлэгчдийн оролцоо сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг МҮХАҮТ-д боллоо.

Монгол улс, БНСУ 2023 оноос эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр эхлүүлж, өнгөрсөн хугацаанд хоёр тал дөрвөн шатны албан ёсны хэлэлцээг амжилттай хийсэн байна. Тэгвэл энэ оны эхний улиралд дараагийн шатны хэлэлцээ хийхтэй холбогдуулан бизнес эрхлэгч, аж ахуй нэгж,мэргэжлийн холбоодын байр суурийг тодруулж, санал хүлээн авч байгаа юм.

“Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр” нь БНСУ-руу гарах боломжтой уул уурхайн бус экспортыг нэмэгдүүлж, худалдааны алдагдалтай байдлыг багасгах зорилготой. Түүнчлэн гадаад худалдаачны орчин сайжирч байж хөрөнгө оруулалт татаж, уул уурхайн салбараас хараат эдийн засгаас ангижрах боломжтой юм.

Эдийн засаг, хөгжлийн яамны Хөрөнгө оруулалт нэгдсэн бодлогыг зохицуулах газрын дарга Б.Анар ярихдаа “Хоёр тал хэлэлцээр хийснээр БНСУ-ын хувьд тодорхой салбар чиглэлийн үйлчилгээнд хөрөнгө оруулалт хийж, хөрөнгө оруулсан газрынхаа үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг экспорт хийх боломжтой болно. Харин манай улсын хувьд эдийн засгаа тэлэх ач холбогдолтой. Эдийн засгийн түншлэлийн хүрээнд хөдөө аж ахуй салбарт гаргаж чадахгүй байгаа потенциалтай бүтээгдэхүүнээ сайжруулья гэж зорьж байна. 2024 онд махны экспортын хэмжээ өмнөх онтой харьцуулахад буурсан. Бид хэлэлцээрийн хүрээнд хорио цээр, лаборатори, малын эрүүл мэндийн асуудлыг зөв шийдэж чадвал уул уурхай, тэр дундаа зэсийн экспортоос илүү их хэмжээний экспортын орлогыг зөвхөн мал аж ахуйгаас олох боломжтой. Ингэснээр малчин өрхүүдийн орлого дагаад өснө” гэв.

Тэгвэл гадаад худалдааны зарим асуудал болох гарал үүслийн гэрчилгээ, эрүүл ахуй хорио цээрийг тодорхой болгож, сайжруулах, олон улсын түвшинд хүргэх чиглэлд анхаарах ёстойг аж ахуй нэгжүүдийн төлөөлөл хэлж байв.

Эх сурвалж: https://montsame.mn/mn/read/363593

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.