Дэлхий дахин хэзээ энгийн амьдралдаа эргэн орох вэ?
- ЛОНДОН. /BBC/. Коронавирусний халдварын голомт болсон Ухань хот энгийн амьдралдаа эргэн орж байна. Хотын эрх баригчид хөл хөдөлгөөний хязгаарлалтуудаа цуцалж, худалдааны төвүүд нээгдэж эхэлжээ. Харин Австри улс хязгаарлалтаа сулруулж буй Европын анхны улс болох бололтой. Тус улсад ирэх долоо хоногоос дэлгүүрүүдийг нээх аж.
- Олон оронд эмнэлгүүд боломжийнхоо хэрээр ажиллаж байх зуур судлаачид вирусний тархалтыг анхааралтай ажиглан сууна. Австрийн туршлага олон асуултад хариу өгч магадгүй юм. Франц, Бельги, Финланд, Испани зэрэг улс тусгаарлалтын дэглэмээс гарах төлөвлөгөөг боловсруулахыг зэхэж байгаа хэдий ч шинжээчид халдварын давлагаа дахин дэгдэх аюултайг анхааруулсаар байна.
- Хэзээнээс бид гэрээсээ чөлөөтэй гарч, ажилдаа явж, хүссэнээрээ аялж, зугаалж, найз нөхөдтэйгөө уулзах боломжтой болох вэ гэдгийг хүн бүхэн мэдэхийг хүсэж байгаа. Энэ бүхэн хэзээ дуусах вэ? гэдэг нь магадгүй буруу асуулт байх. “New York Times” сонин асуултын өөр нэг хэлбэрийг санал болгож байгаа нь “Өөрийгөө тусгаарлах дэглэмээс гарах боломжтой гэдгээ бид яаж мэдэх вэ” аж.
- ОХУ-д амралтын өдрүүдээс гадна тус улсад тогтоосон хязгаарлалтын арга хэмжээ үйлчлэх хугацаа дор хаяж 4 дүгээр сарын 30 хүртэл үргэлжилнэ. Их Британид өөрийгөө тусгаарлах дэглэм 4 дүгээр сарын 14 хүртэл үргэлжлэх хэдий ч халдварын тархалтын явцаас хамаарч хугацаа нь сунгагдах магадлал өндөр байна.
- Одоогийн байдлаар коронавирусний тархалт яг хэзээ дуусах нь таамаглал төдий байгаа юм.
- Ард иргэд эрх баригчдын зөвлөгөөг дагавал улс орны нөхцөл байдал 12 долоо хоногийн хугацаанд эрс өөрчлөгдөж магадгүй юм хэмээн Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон 3 дугаар сарын 19-нд мэдэгджээ. Коронавирусний халдвар авсны улмаас эрчимт эмчилгээний тасагт хэвтэж буй тэрбээр цар тахал 6 дугаар сарын сүүлч гэхэд хумигдаж эхэлнэ гэж үзсэн бололтой.
- Гэсэн хэдий ч тус улсад 4 дүгээр сард гэхэд халдварын тохиолдлын тоо өдөр бүр мянга мянгаар илэрсээр байна. Өнгөрсөн лхагва гарагт гэхэд л Их Британийн эмнэлэгт коронавирусний халдвар авсан 938 өвчтөн нас баржээ. Б.Жонсоны таамаглал биеллээ олсон ч өөрийгөө тусгаарлах дэглэмийг цуцлах нь зөв алхам байж чадах уу?
- Ухань хотод тогтоосон хязгаарлалтыг хоёр сарын дараа цуцалжээ. Бусад газар адилхан байх боломжтой юу?
- “Covid-19” дэгдэлтийн голомт болсон Ухань хотод өнгөрсөн оны сүүлчээр халдварын анхны тохиолдлууд илэрсэн хэдий ч хот 1 дүгээр сарын 23-наас тусгаарлагдсан юм. Хотын оршин суугчид гэрээсээ гарахгүй байх ёстой байсан бөгөөд метроны хөдөлгөөнийг хааж, онгоцны нислэгийг зогсоосон билээ.
- Хоёр сарын дараа буюу 3 дугаар сарын 25-нд л Хубэй мужийн нийслэл Ухань хотод замын хөдөлгөөнийг сэргээж, үйлдвэр, дэлгүүр, худалдааны төвүүдийг нээж, оршин суугчдад орох, газар зөвшөөрөл олгох замаар хөл хорионы арга хэмжээг сулруулсан.
- Дөрөвдүгээр сарын 7 нь БНХАУ-д коронавирусний халдварын улмаас нас барсан тохиолдол илрээгүй анхны өдөр болсон юм. Энэ өдөр албан ёсны статистикаар, Хятадад коронавирусний халдварын 32 тохиолдол илэрснээс бүгд зөөвөрлөгдөн ирсэн тохиолдлууд байсан юм. Үүнээс гадна Хубэй мужид халдварын нэг ч тохиолдол илрээгүй аж.
- Энэ нь хоёр сарын дараа бусад улс энгийн амьдралдаа эргэн орох боломжтой гэсэн үг үү гэвэл үгүй юм.
- Нэгдүгээрт, Хятад улсын халдварын тархалтын талаарх мэдээлэл үнэн зөв эсэхэд өрнөдийн шинжээчид ихээхэн эргэлзэж байгаа. Албан ёсны баримт бичгүүдэд нь мэдээллийг ноцтой гуйвуулсан тохиолдлууд ажиглагдаж байсныг судалгаа харуулжээ. Тухайлбал, Ухань хотын эрх баригчид энэ аюулт өвчний дэгдэлтийн талаарх мэдээллийг урт хугацаанд зориуд нуусан гэдэг нь түгшүүр бий болгож байгаа юм.
- Үүнээс гадна коронавирусний халдварын улмаас нас барсан тохиолдлын талаарх албан ёсны тооноос хэдэн мянга дахин илүү чандрыг Ухань хотод хүргэсэн тухай өнгөрсөн долоо хоногт Хятадын хэвлэлүүд мэдээлж байсныг “CNN” телевиз иш татан мэдээлжээ. Харин “Time” сэтгүүл Хятад улс албан ёсны баримт бичигтээ “Covid-19”-ийн тодорхойлолтыг 8 удаа өөрчилснийг онцолжээ.
- Хоёрдугаарт, Хятад халдварын тархалт бага байгаа хэмээн мэдэгдээд байгаа хэдий ч халдвар дамжиж буй тохиолдлууд байж л таараа.
- БНХАУ-ын Эрүүл мэндийн үндэсний комисс шинж тэмдэг илрээгүй халдварлагсдын тоог статистик мэдээлэлдээ оруулаагүй. Хятадын дийлэнх иргэдэд вирусний эсрэг дархлаа тогтоогүй байгаа учир халдварын давлагаа дахин бий болох аюул хэвээр байгаа юм.
- "Коронавирус дэлхий дахинд тархаж Хятад улсад гаднаас зөөвөрлөгдөн ирсэн тохиолдлууд илэрч байгааг тооцож үзвэл халдвар орон нутагт дахин дэгдэх нь гарцаагүй юм гэж Хятадын “Duke Kunshan” хүрээлэнгийн тахал судлаач Бенжамин Андерсон ярьжээ.
- Харин Флоридагийн их сургуулийн тахал судлаач Айра Лонигини мэдэгдэхдээ, "хязгаарлалтын арга хэмжээг цуцалмагц вирус дахин дэгдэж болзошгүй. Миний буруу байгаасай гэж хүсэж байгаа хэдий ч өөрөөр төсөөлөх аргагүй юм” гэжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.