Оросын бүх компани бензин экспортлохоо зогсооно.

Оросын бүх компани бензин экспортлохоо зогсооно.

Зах зээлд оролцогч Оросын бүх компани дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн бензин экспортлохоо зогсооно. Оросын засгийн газрын Шадар сайд А.Новак газрын тосны салбарын төлөөлөгчидтэй зөвлөгөөн хийсний дараа ийм шийдвэр гарсан тухай РБК, ТАСС болон “Коммерсантъ” мэдээллээ.   

Энэ мэдээлэл үнэн болохыг засгийн газрын хэвлэл алба баталсан байна. Эх сурвалжуудын мэдээлснээр, түлш шатахууны эрэлт өсдөг улирал эхлэхийн өмнөхөн ийм арга хэмжээ авч байгаа ажээ. Экспортыг зогсоох тухай шийдвэр долоодугаар сарын 31 хүртэл үйлчилнэ гэж зарим эх сурвалж ярьж байгаа бол онцгой захирамж гарах хүртэл хориг үргэлжилнэ хэмээн зарим нь таамаглаж байна.

Бензиний экспортыг зогсоож байгаа нь дотоодын зах зээл дэх түлш шатахууны үнийн өсөлтийг тогтоон барихад чиглэсэн арга хэмжээ юм. Энэ арга үр дүнтэй болох нь сүүлийн жилүүдэд батлагдсан билээ. Гуравдугаар сард биржүүд дэх бензиний үнэ огцом өссөнөөр ийм шийдвэр гаргах шаардлагатай болжээ. Тухайлбал, Петербургийн биржид АИ-92 ба АИ-95 автобензиний үнэ 11 хувиар өссөн байна. 27-ны өдрийн арилжаагаар нэг тонн АИ-95 бензин 70 625 рублиэр, нэг тонн АИ-92 бензин 66 940 рублиэр тус тус зарагджээ.

Персийн буланд зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Оросын бензиний экспортыг зогсоож магадгүй гэдгийг Шадар сайд А.Новак өмнө нь мэдэгдэж байсан юм.

Бензиний экспортын хориг 2025 оны гуравдугаар сарын 1-нээс 2026 оны нэгдүгээр сарын сүүлч хүртэл үйлчилж байв. Уг шийдвэр 2025 оны наймдугаар сарын 31-нээс эхлэн нефть бүтээгдэхүүний шууд бус үйлдвэрлэгчдийг хамрах болсон юм.   

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.