Дэлхийн нисэхийн гол коридорууд доголдох нөхцөл бүрдээд байна

Дэлхийн нисэхийн гол коридорууд доголдох нөхцөл бүрдээд байна

Сүүлийн 24–48 цагийн хугацаанд Европ болон Азийг холбосон иргэний нислэгүүдэд томоохон өөрчлөлт гарч, дэлхийн нисэхийн гол коридорууд доголдох нөхцөл бүрдээд байна.

Олон улсын нисэхийн байгууллагуудын мэдээлснээр Европ-Ази чиглэлийн нислэгүүдэд нөлөөлж буй гурван гол бүс зэрэг эрсдэлд оржээ. Үүнд Оросын агаарын орон зай, Украин-Хар тэнгисийн бүс болон Ойрхи Дорнодын агаарын орон зай багтаж байна.

Юуны өмнө, Орос-Украины дайн эхэлснээс хойш Европын агаарын тээврийн компаниуд Оросын агаарын орон зайг ашиглах боломжгүй болсон. Үүний улмаас Европоос Япон, БНСУ, БНХАУ руу чиглэсэн олон нислэг аль хэдийн урт маршрутаар нисэж байгаа юм.

Мөн Украин улсын агаарын орон зай бүрэн хаалттай хэвээр байгаа бөгөөд Хар тэнгисийн орчимд нисэх нь эрсдэлтэй бүсэд тооцогдож байна. Харин сүүлийн 24 цагийн байдлаар Ойрхи Дорнодын нөхцөл байдал хурцадсантай холбоотойгоор Иран, Ирак, Израиль, Сири, Ливан болон Персийн булангийн зарим бүсээр иргэний нислэг хийхэд нэмэлт эрсдэл үүссэн байна. Энэ талаар EASA болон FAA нисэхийн компаниудад тухайн бүсээс зайлсхийхийг зөвлөжээ.

Үүний улмаас дэлхийн томоохон агаарын тээврийн компаниуд болох Lufthansa, Air France, British Airways зэрэг компаниуд нислэгийн маршрутаа өөрчилж эхэлсэнээр зарим чиглэлийн нислэг 1-3 цагаар уртсаж, түлшний зардал өсөх, нислэгийн хуваарь өөрчлөгдөх нөхцөл үүсч.

Авиацийн шинжээчдийн үзэж байгаагаар Европ-Ази чиглэлийн нислэгүүдэд голлон ашиглагддаг гурван бүс зэрэг доголдож байгаа нь сүүлийн жилүүдэд анх удаа тохиож буй нөхцөлд тооцогдож байна.

Энэ нөхцөл байдал үргэлжилбэл дэлхийн агаарын тээврийн салбарт илүү өргөн хүрээний саатал үүсэх эрсдэлтэй байгааг мэргэжилтнүүд анхааруулж байгаа аж.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.