БНСУ-д болох Дроны ДАШТ-д “Хурдан” клубын тамирчид оролцоно

БНСУ-д болох Дроны ДАШТ-д “Хурдан” клубын тамирчид оролцоно

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин Дархан-Уул аймагт ажиллаж, Цахим шилжилт, үйлчилгээний хэлтэс, “Хурдан” клубын үйл ажиллагаатай танилцлаа.

“Хурдан” клуб нь өсвөр насны 135 хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй 32 иргэн, 74 ахмад настны бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байна.

Ингэхдээ сайн дурын гишүүнчлэлээр бүрдэн мэдээллийн технологийн багш нартай хамтран, цахим ур чадварын сургалтууд тогтмол зохион байгуулж буйгаараа онцлог.

Өсвөрийн “Хурдан” клубын хүүхдүүд цахим спорт, илтгэх ур чадварын сургалтад хамрагдан, цахим ур чадвараа дээшлүүлж буйн зэрэгцээ Төрийн үйлчилгээний нэгдсэн төвд дроны туршилтын бүс байгуулагдсан нь тэдэнд дрон жолоодох ур чадвараа ахиулахад түлхэц болжээ.

Тухайлбал, “Хурдан” клубын тамирчин Г.Тэнтэргэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор тавдугаар сарын 30-31-ний өдрүүдэд болсон “Нисгэгчгүй нисэх хэрэгсэл /дрон/-ийн жолоодлогын олон улсын тэмцээн”-ий багийн ангилалд өрсөлдөж, мөнгөн медаль хүртсэн.

Мөн багийн амжилтаар Төвийн бүсийн аваргаар шалгарсан юм.

Ирэх долоодугаар сарын 27-28-нд БНСУ-ын Инчон хотноо болох Дроны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд тус клубын 8 тамирчин "Drone soccer", "Tiny whoop" төрлөөр оролцохоор бэлтгэж байна гэж Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас мэдээллээ. 

 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.