“Их-20” бүлэг эрчим хүчний зах зээлийг тогтворжуулах шуурхай арга хэмжээ авна
“Их-20” бүлэг эрчим хүчний зах зээл дээр авах хариу арга хэмжээг зохицуулах тусгай ажлын хэсэг байгуулахаар тогтжээ. Ажлын хэсэг “Их-20” бүлгийн улс орнуудын эрчим хүчний сайд нарын өмнө нээлттэй бөгөөд ажлын хэсгийг Саудын Араб тэргүүлэхээр болжээ.
Түүнчлэн “Их-20” бүлгийн орнуудын эрчим хүчний сайд нар цар тахлын үед эрчим хүчний зах зээлийг тогтворжуулах шуурхай арга хэмжээ авах үүрэг авсан байна. Цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн уналт, тодорхойгүй байдал нь эрчим хүчний эх үүсвэрийн эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэргүй байдлыг нэмэгдүүлж, эрчим хүчний зах зээлийн тогтворгүй байдлыг гүнзгийрүүлснээр газрын тос, байгалийн хийн салбарт шууд нөлөө үзүүлж, улмаар бусад салбарт нөлөөлж байгаа нь дэлхийн эдийн засгийг сэргээхэд сөргөөр нөлөөлж байна. Иймээс “Их-20” бүлэг эрчим хүчний зах зээлийг тогтворжуулахад шаардлагатай бүхий л арга хэмжээг шуурхай авах үүрэг амлалт авч байна гэж “Их-20” бүлгийн улс орнуудын эрчим хүчний сайд нарын ээлжит бус уулзалтаас гаргасан мэдэгдэлд онцолжээ.
“Их-20” бүлэг ирэх есдүгээр сард эрчим хүчний зах зээлийн асуудлаар ээлжит уулзалт зохион байгуулахаар тогтсон байна.
Өнгөрсөн баасан гарагт /2020.04.10/ ОПЕК+ хэлэлцээрт оролцогч талууд газрын тосны шинэ хэлэлцээрийг зөвшилцжээ. Хэлэлцээрийг 2022 оны тавдугаар сар хүртэл буюу хоёр жилийн хугацаагаар байгуулах юм. Хэлэлцээр хүчин төгөлдөр болсноос хойших эхний хоёр сард газрын тосны олборлолтыг хоногт 10 сая баррелиар бууруулах бол хоёрдугаар хагас жилд найман сая баррель, 2021 онд зургаан сая баррелиар бууруулах юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.