БНСУ-ын намууд Сөүлийн бүсийн кампанит ажилдаа голчлон анхаарч байна

БНСУ-ын намууд Сөүлийн бүсийн кампанит ажилдаа голчлон анхаарч байна

СӨҮЛ. /Yonhap/. БНСУ-д лхагва гарагт болох парламентын сонгуулийн кампанит ажлын сүүлийн өдөр тохиож буй энэ өдөр улс төрийн намууд Сөүл болон тус хотын эргэн тойрны бүс нутгийн кампанит ажилдаа гол анхаарлаа хандуулж байна.

БНСУ-ын Үндэсний ассамблейн 300 гишүүнийг сонгохоор дөрвөн жил тутам зохион байгуулдаг парламентын сонгууль “COVID-19” халдварын тархалттай тэмцэж буй үед болох гэж буй нь энэ юм. Сонгогчид тэдгээр суудлын 253-ыг шууд сонгоно.

Энэ удаагийн сонгууль нь 2022 онд болох Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө сонгогчдын үзэл бодлыг илтгэх хэмжигдэхүүн болно хэмээн үзэж байгаа юм. Ерөнхийлөгч Мүн Жэ Ин 2017 оны тавдугаар сараас албан тушаалаа хашиж эхэлсэн билээ.

13 хоногийн турш үргэлжилсэн кампанит ажлын сүүлийн өдөр өрсөлдөгч намууд 121 суудлыг шууд сонгох Сөүл хот, Гёнги мужид кампанит ажлаа идэвхтэй явуулж байна.

БНСУ-д маргааш буюу 15-ны өглөөний 6 цагаас оройны 18 цаг хүртэл орон даяар 14330 санал авах байр ажиллана. Өнгөрсөн долоо хоногийн баасан, бямба гарагт явуулсан урьдчилсан санал хураалтын ирц харьцангуй өндөр буюу 26.69 хувь байжээ.

Сонгуулийн үеэр сонгогчдын аюулгүй байдлыг эн тэргүүнд тавих бөгөөд орох хаалган дээр тэдний халууныг шалгах аж. Мөн сонгогчид саналаа өгөхөөр хүлээх хугацаандаа бусдаасаа нэг метрийн зай барих шаардлагатай юм. Түүнчлэн саналын бүхээг, саналын тамга зэргийг тогтмол халдваргүйжүүлэх ажээ.

Сонгуулийн үндэсний комисс сонгогчдыг саналаа өгөхөөр ирэхдээ амны хаалт зүүхийг зөвлөж байгаа бөгөөд “COVID-19” халдварын шинж тэмдэг илэрсэн хүмүүсийн санал өгөх боломжийг бүрдүүлэх үүднээс түр саналын бүхээгүүдийг байгуулахаар төлөвлөжээ. 

БНСУ-д өнөө өглөөний байдлаар халдварын 10564 тохиолдол бүртгэгдэж, 222 хүн нас барсан бол нийт 7534 хүн эдгэрсэн гэж тус улсын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвөөс мэдээлсэн байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.