Эхнэр хүний толгойн боолт, хавчаар

Холбогдох он цаг: XX зууны эхэн үе
Материал: Мөнгө, шармал
Толгойн боолт нь оройвч, санчиг, туйв, хавчаар, гэзэгний гэр гэсэн олон хэсгээс бүрдэх ба нийт 1005 гр жинтэй. Эхнэр хүний гоёл чимэглэлийг алт, мөнгө зэргээр урлаж, шүр, сувд, оюу гэх мэт үнэт эрдэнийн чулуугаар чимэглэнэ.
Энэхүү толгойн боолтыг VI зая гэгээн Лувсантүвдэнчойжийням /1905-1930/-ын эхнэр Долгор хэрэглэж байсан. 1985 онд Батцэнгэл сумын Цац багийн иргэн Чимэдлхамаас Цээзэн-Арилдий хэмээх хүн авч, анх музейн цуглуулгад өгчээ.
Уг үзмэр нь музейн угсаатны танхимын үзүүллэгт дэглэгдэн үчэгчдийн хүртээл болж байна.
Толгойн боолт: Тал бөмбөлөг хэлбэртэй, эргэн тойрон угалзан хээ гаргаж хөөж цутгасан. Урд нүүрэнд нь бадам суурин дээр Норов /зэндмэнэ/ байрлуулж хойд, баруун, зүүн талд нь 8 дэлбээ бүхий цэцгэн хээ гарган, дэлбээнүүд дээр улаан, ногоон өнгийн шилэн шигтгээ суулгаж хоорондох зайд нь дугуй суурин дээр улаан, хүрэн өнгийн шилэн шигтгээ суулгасан. Ар талд нь угалзан хээ бүхий гонзгой залаа гарган 6 шигтгээ суулган нугасан холбоогоор холбосон. Баруун, зүүн шанаанд нь хагас дугуй хэлбэрийн шигтгээнүүд суулган угалзан хээ бүхий чихэвчийг нугасан холбоогоор холбосон.
Хавчаар: Гонзгой дөрвөлжин хэлбэртэй 4 хос эргэн тойрон угалзан хээгээр чимэглэсэн. Ар болон нүүрэн талын гол дунд нь хүрэн, захад нь цэнхэр өнгийн шилэн шигтгээс суулгасан.
Бунтууны угийн хавчаар: Зэндмэнэ хэлбэрийн 2 хос эргэн тойрон угалзан хээгээр чимэглэн голд нь бадам суурин дээр норов байрлуулан 2 хажууд нь хар, цайвар өнгийн шигтгээ суулгаж доод талын суурин дээр голд нь хар, цайвар 2 захад нь улаан, цэнхэр өнгийн шигтгээ тус тус суулгасан.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.