Бид халдварт өвчний аюул заналд амьдарч байгаагаа мартаж болохгүй

Бид халдварт өвчний аюул заналд амьдарч байгаагаа мартаж болохгүй

"COVID-19"-ийн халдварт цар тахлын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ" дадлага сургуулийн хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр ОБЕГ-т УОК-ын шуурхай штабт ажиллаж, Буянт-Ухаа спорт цогцолборт байрлуулсан "Яармаг-300" болон Эх хүүхдийн нэгдсэн эмнэлэг, ОБЕГ-ын харьяа байгуулсан хээрийн эмнэлгийн бэлэн байдалтай тус тус танилцлаа.

Энэ үеэр сэтгүүлчдэд яриа өгөхдөө, "Улс оронд аюулт өвчний цар тахал нүүрлэлээ гэхэд хариу арга хэмжээ авч чадах нөхцөл боломж бүрдэж чадсан нь өнөөдрийн дадлага сургуулилалтаас харагдаж байна" гэдгийг онцоллоо. 

Тэрээр, “Улсын хэмжээнд цар тахал өвчин дэгдлээ гэхэд хяналтандаа авч, яаралтай тусламж үзүүлэх, өвчтөнүүдээ хэвтэн эмчлүүлэх боломжийг бүрэн хангаж, бэлтгэлийг базаасныг харлаа. Энэ тохиолдолд мэргэжлийн байгууллагууд хэрхэн уялдаа холбоотойгоор харилцан ажиллах гэдэг нь чухал юм. Үүнийг мэддэг болсон байна. Цаашид ч энэ бэлэн байдлыг тогтмол шалгаж байх ёстой. Иймээс иргэд, олон нийт өндөржүүлсэн бэлэн байдалд байж, гэр бүл, үр хүүхэд болон бусдын эрүүл мэндийг хамгаалахын тулд өөрсдөө аливаад ухамсартай хандах хэрэгтэй. 

Төр засаг, ард иргэдийн хамтын үйл ажиллагааны үр дүнд коронавирусний халдвараас бид хамгаалсаар ирлээ. Улс оронд аюул нүүрлэлээ гэхэд хариу арга хэмжээ авч чадах нөхцөл боломж бүрджээ” гэв. 

"Бид "COVID-19"-ийн эсрэг вакцин гартал өндөржүүлсэн бэлэн байдлын дэглэмийг сахихаас өөр аргагүй.

Учир нь энэ өвчний тархалт буурахгүй, өнөөг хүртэл нөхцөл байдал сайжрахгүй байна. Ард иргэд аюул заналд амьдарч байгаагаа мартаж болохгүй. Хариуцлага, сахилга баттай байх ёстой. Алба хаагчид маань цагийн байдлаа зөв үнэлж, дадлага сургуулилтаа сайтар хийсэн байна. 

Онцгой байдлын алба хаагчид олон жилийн дадлага туршлагатай, бэлтгэгдсэн офицерүүд байдгийг би мэднэ. Тиймээс та бүхнийхээ ур, чадвар, ажлын зохион байгуулалтад бүрэн итгэж найдаж байна. Халдварын тархалтыг үндэсний хэмжээнд гаргахгүй байх, ард иргэдийн аюулгүй амьдрах, ажиллах, сурах орчин, нөхцөлийг бүрдүүлэхийн тулд бид өмнөх саруудынхаас илүүтэйгээр халдвараас урьдчилан сэргийлэх, хамгаалах бэлтгэл, бэлэн байдлаа бэхжүүлэх зайлшгүй шаардлага тулгарч байна.

Иргэд, холбогдох төрийн байгууллагуудын оролцоотойгоор энэ удаагийн дадлага сургуулийг зохион байгуулснаар бид эрсдэлт нөхцөл байдал бий болсон тохиолдолд хэрхэн ажиллах арга барилаа зүгшрүүлэх, нөөц боломжоо тодорхойлох, тулгамдаж буй асуудлаа бодитойгоор ойлгож, шийдвэрлэж цэгцлэхэд чиглэсэн арга хэмжээг нэн шуурхай авч ажиллах болно.

Манай Улс онцгой байдлын дэглэгийг баттай сахиж байгаагийн дүнд халдварын хамгийн цөөн тохиолдолтой, нэг ч хүнээ аюулт өвчинд алдалгүйгээр, гадаадын 3 иргэн, Монгол 10 иргэнээ эдгээж өнөөдрийн нүүрийг үзэж байна. Ийнхүү эх орноо халдварын аюулаас хамгаалах үйлсэд хүчин зүтгэж байгаа төрийн бүх албан хаагч нартаа Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн талархал илэрхийлж, Та бүгдийн баатарлаг үйлсэд Монгол хүн бүр мэхийн ёсолж байгаад нэгдэж байна" гэсэн юм.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх "COVID-19"-ийн халдварт цар тахлын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ" дадлага сургуулийн үйл ажиллагаатай танилцахад Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга Ө.Энхтүвшин, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан тэргүүтэй албаныхан, ДЭМБ-ын суурин төлөөлөгч Сергей Диордица хамт явлаа.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.