Японы Ерөнхий сайд Ким Жөн Унтай уулзахад бэлэн хэвээр байна

Японы Ерөнхий сайд Ким Жөн Унтай уулзахад бэлэн хэвээр байна

БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Унтай урьдчилсан болзолгүйгээр хэлэлцээ хийхэд урьдын адил бэлэн хэвээр байна гэж Японы Ерөнхий сайд Абэ Шинзо “Sankei Shimbun” сонинд ярилцлага өгөхдөө мэдэгджээ.

"Энэ байр суурь огт өөрчлөгдөөгүй. Бид янз бүрийн сувгаар дамжуулан боломжтой бүх алхмыг хийнэ" гэж тэрбээр тэмдэглэн хэлээд Умард Солонгосын тагнуулынханд хулгайлагдсан Японы иргэдийн асуудлыг шийдэхийн тулд бүхий л хүчин чармайлтаа тавина гэж цохон тэмдэглэсэн байна.

БНАСАУ-ын удирдагчтай уулзахад бэлэн гэдгээ Абэ Шинзо өнгөрсөн онд нэг бус удаа мэдэгдсэн юм. 1970-аад оны үед хулгайлагдсан япончуудыг нутагт нь буцаах ажилд ахиц дэвшил гаргахын тулд Ким Жөн Унтай зайлшгүй уулзах шаардлагатай гэж Японы Засгийн газрын тэргүүн үзэж байгаа аж.

БНАСАУ-ын тагнуулын албаныханд хулгайлагдсан япончуудтай холбоотой асуудал нь албан ёсны дипломат харилцаагүй тус хоёр улсын харилцаанд хамгийн их түвэг учруулж буй сэдэв юм. Умард Солонгосын эрх баригчид Японы 13 иргэнийг хулгайлсан гэдгийг 2002 онд анх удаа хүлээн зөвшөөрч, тэдний тавыг нь эх оронд нь буцаажээ. Харин үлдсэн хүмүүсийг нас барсан гэж мэдэгдсэн бөгөөд шарилыг нь төрөл төрөгсдөд нь илгээсэн боловч хулгайлагдсан иргэдийнх мөн эсэхийг тогтоож чадаагүй байна.

Хулгайлагдсан япончуудын хэргийг шинээр мөрдөн шалгах комисс байгуулах тохиролцоонд хоёр улсын Засгийн газар 2014 оны тавдугаар сард хүрсэн боловч хожим нь Умард Солонгосын эрх баригчдын санаачилгаар тараажээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.