"COVID 19"-ийн эргэн тойронд...

"COVID 19"-ийн эргэн тойронд...

ОХУ: МОСКВА ХОТОД ХАЛДВАР АВАГСДЫН БОДИТ ТОО 300 МЯНГАД ДӨХСӨН БАЙХ МАГАДЛАЛТАЙ

Өнөөдрийн байдлаар  Оросын нийслэл Москва хотод  92600 гаруй “ковид-19”-ийн халдварын тохиолдол батлагдаад байгаа.  Гэхдээ бодит тоо үүнээс хавьгүй өндөр байх боломжтой гэдгийг Москва хотын дарга хэллээ.  Оросын нийслэлд 300 мянга орчим хүн “Ковид-19”-ийн халдварыг авчихсан байх боломжтой гэж үзэж байна. Энэ нь тус хотын нийт оршин суугчдын 2-2.5 хувь  гэсэн үг юм. Тус хотод өнгөрсөн сард өдөрт 20 мянган хүнийг оношилж байсан бол одоо  өдөрт 40 мянга  орчим  хүнийг шинжилгээнд  хамруулж, чадамжаа  хоёр дахин нэмэгдүүлээд байна. Өөр нэг мэдээллийг хүргэхэд,  Москва  хотын оршин суугчид нийтийн тээврээр болон дэлгүүр, хоршоогоор үйлчлүүлэхдээ бээлий өмсөж, амны хаалт заавал зүүсэн байх ёстой гэсэн захирамжийг тус хотын дарга гаргаад байна.

ЯПОН: ЗАРИМ МУЖИД ОНЦ БАЙДЛЫГ ТӨЛӨВЛӨСӨН ХУГАЦААНААС ӨМНӨ ЦУЦАЛЖ МАГАДГҮЙ

Япон улс үндэсний хэмжээнд онц байдал зарласнаас хойш “Ковид-19”-ийн халдвар авагсдын тоо өдөрт 100-д хүрээгүй анхны тохиолдол пүрэв гарагт  бүртгэгдлээ. Мөн өнгөрч буй долоо хоногт Японы 17 мужид шинээр халдвар бүртгэгдээгүй байна. Иймээс ч дээрх  халдваргүй болоод байгаа мужуудад онц байдлыг төлөвлөсөн хугацаанаас өмнө буюу 05 дугаар сарын 14-ний үеэр цуцлах боломжтой гэж Японы Эдийн Засгийн сайд хэлжээ. Үндэсний хэмжээнд зарлагдсан онц байдлыг 05 дугаар сарын 31 хүртэл сунгаад байгаа юм. 

ИХ БРИТАНИ:  ИРЭХ ДОЛОО ХОНОГООС ХӨЛ ХОРИОГ АЛГУУРХАН СУЛРУУЛНА

Их Британийн ерөнхий сайд  Борис Жонсон маргааш мэдэгдэл хийхээр төлөвлөж байна. Тэрээр ирэх долоо хоногоос Их Британи дахь хөл хориог сулруулах талаарх мэдээллийг өгнө гэсэн хүлээлттэй байгаа юм. Гэхдээ  Их Британийн удирдагчид хөл хориог  туйлын болгоомжтойгоор, хязгаарлагдмал түвшинд  сулруулах тухай мэдээлж байна.  Тус улсын Гадаад Хэргийн сайд Доминик Рааб “хэрэв иргэд дүрэм, журмыг дагахгүй, тархалт нэмэгдэх тохиолдолд вирусний эсрэг арга хэмжээг дахин чангатгана” гэдгийг ил далангүй хэлжээ.  Их Британи “Ковид-19”-ээр нас барагсдынхаа тоогоор Европт тэргүүлж байгаа юм.

АФРИКТ “КОВИД-19” 190 МЯНГАН ХҮНИЙ АМИНД ХҮРЧ БОЛЗОШГҮЙ

Африкийн орнуудад одоо авч хэрэгжүүлж байгаа  арга хэмжээ амжилтгүй болох тохиолдол тус тивд “Ковид-19”-ээр нас барагсдын тоо 83 мянга, бүр цаашлаад  190 мянгад ч хүрч болзошгүй гэдгийг ДЭМБ-аас анхааруулсан байна. Энэхүү тооцоо, судалгааг  гаргахдаа Африкийн хүн  ам зүй, нийгэм, байгаль орчны  онцлог, нөхцөл байдлыг харгалзан үзсэн байна. Өмнөд Африк, Алжир болон Камерун зэрэг оронд вирусний тархалтын эрсдэл харьцангуй өндөр гэж үзэж байгаа юм. Одоогийн байдлаар Африкт 50 мянга гаруй хүн халдвар авч, 2000 гаруй хүн баржээ.  

НҮБ 6.7 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН САНХҮҮГИЙН НЭМЭЛТ ТУСЛАМЖ ХЭРЭГТЭЙ БАЙГААГ МЭДЭГДЛЭЭ

НҮБ-аас 6.7 тэрбум ам.долларын   санхүүгийн нэмэлт тусламж хэрэгтэй байгааг пүрэв гарагт мэдээлсэн байна. НҮБ-аас буурай орнуудын шинэ коронавирусний эсрэг тэмцэлд дэмжлэг үзүүлж байгаа. Энэхүү хөтөлбөрт Пакистан,  Мозамбик тэргүүтэй 9 улс шинээр хамрагдана гэдгийг хэлж байгаа юм. НҮБ-ын Ерөнхий Нарийн Бичгийн Дарга саяхан болсон видео хуралдааны үеэр   энэхүү нэмэлт санхүүгийн тусламж  буурай орны олон сая иргэний амь насыг авран хамгаалахад, мөн шинэ коронаврусний халдварыг олон улсын хэмжээнд  тогтоох барихад ихээхэн тус болно гэдгийг онцолжээ.  Үүнээс өмнө  буюу өнгөрсөн 03 дугаар сард НҮБ  2 тэрбум ам.долларын  хөтөлбөрийг санаачилж байсан юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.