Гэрлэлт цуцлуулах шүүх хурал НАЙМАН ЖИЛ үргэлжилж, 25 удаа хойшилжээ

Гэрлэлт цуцлуулах шүүх хурал НАЙМАН ЖИЛ үргэлжилж, 25 удаа хойшилжээ

Сүүлийн өдрүүдэд зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр ХХААХҮ-ийн сайд Ч.Улааны хамаарал бүхий хүмүүс бусдын эд хөрөнгийг авахаар санаархаж байна гэх мэдээлэл цацагдах болсон. Энэхүү маргаан шүүхийн шатанд хянагдаж байгаа боловч найман жилийн турш хэргээ шийдвэрлүүлж чадаагүй яваа О.Лхагвацэдэнтэй уулзаж зарим асуултад хариулт авлаа.

-Таныг бусдын эд хөрөнгийг булаах гэж байна гэсэн утгатай мэдээлэл хэвлэлд гарсан байсан. Энэ тухай тодруулахгүй юу?

- Сүүлийн өдрүүдэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр миний нэр хүндэд халдсан худал мэдээлэл цацаж эхэллээ. Тиймээс би энэ асуудалд зарчмын байр сууриа илэрхийлэх ёстой гэж бодож байна.

Надад бусдын хөрөнгийг булаах гэсэн зүйл байхгүй. Харин өөрийн болон үр хүүхдүүдийнхээ, гэр бүлийнхээ дундын өмчлөлийн эд хөрөнгөө бусдад алдсан. Энэ асуудал шүүхийн шатанд явж байгаа. Сүүлийн шүүх хурал 5 дугаар сарын 06-ны 16.00 цагт болсон. Энэ хурлын өмнө надаас гадна миний ах дүү, хамаатан садангийн хүмүүстэй хамааруулан олон хүмүүсийн нэр төрд халдсан, худал гүтгэсэн мэдээллүүд цацаж байгаа тул би цагдаагийн байгууллагад шалгуулахаар гомдлоо гаргасан. Цагдаагийн байгууллага шалгаад үнэн худлыг нь тогтоогоод өгөх байх.

-Та ямар асуудлаар анх шүүхэд хандсан юм бэ. Хэрэг шийдэгдэлгүй олон жил болсон гэж дууллаа?

- Анх 2012 онд нөхөр Б.Баттогтох бид хоёр тусдаа амьдрах болсноор би гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлээ Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан боловч тэр хүн шүүхэд ирэхгүй зугтсаар олон жилийг өнгөрүүлсэн. 2017 онд Б.Баттогтохын амьдарч байсан хаягаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргасан. Одоо дөрөв дэх жилдээ хэрэг шийдэгдээгүй үргэлжлээд явж байна. Нийт найман жил болж байна.

-Өнөөдрийг хүртэл хэдэн хурал болсон бэ. Ямар учраас хойшилж байна?

- “Хурал 25 удаа хойшилж, 1309 хоног хугацаа хэтэрч одоог болтол хэрэг шийдвэрлэгдээгүй байна” гэж Улсын Дээд шүүхийн сайтад шийдэгдээгүй олон жил болж байгаа хэргүүдийн судалгаанд багтаж жишээ болоод явж байна. 5 дугаар сарын 06-ны өдрийн шүүх хурал дахиад л хойшилсон. Ингэж удаж байгаа шалтгаан бол хэргийн хариуцагчид шүүхэд дуудаад ирдэггүй, албадан болон эрэн сурвалжилж байж арай гэж авчирсан.

Шүүх хурал олон удаа болсон ч холбогдогчид өөрсдөө ирдэггүй, бие төлөөлөгчид нь болон өмгөөлөгчид нь ирдэг. Хурал болгон дээр ямар нэгэн шалтаг, шалтгаан хэлж шүүх хурлыг хойшлуулсаар цаг хугацаа их алдаж байна. Хэвлэлээр өөрсдөө захиалж бичүүлчхээд шүүгчийг надтай ашиг сонирхлын зөрчилтэй байж магадгүй гэсэн хэвлэлийн мэдээ гарсан үндэслэлээр шүүгчээс татгалзаад шүүх хурлыг хойшлуулаад байна.  

-Таны нэхэмжлэлд зөвхөн гэрлэлт цуцлуулахаас өөр хөрөнгийн маргаантай асуудал байх шиг байна?

- Мэдээж хөрөнгийн маргаантай холбоотой асуудал байгаа. Тийм учраас хэрэг одоо болтол шийдэгдэхгүй явж байна. Бид гэр бүл зохиож хүүхдүүдтэй болж хамтдаа 20 жил амьдарсан. Бидний аав ээжүүд бүгд тухайн нийгмийн үед цалингаараа л амьдардаг байсан, хувьдаа хөрөнгөтэй хүн гэж тэр үед байгаагүй.

Хамтын амьдралын явцад үр хүүхдүүдээ өсгөж хүмүүжүүлэх эцэг эхийн үүргээ биелүүлэхээс гадна гэр бүлийн сайн, сайхны төлөө хоёул хамтдаа ганзагын наймаанаас эхлэн компани байгуулан хөдөлмөрлөсний үр дүнд хуримтлал үүсгэж хангалттай хэмжээний үл хөдлөх хөрөнгөтэй болж чадсан. Гэвч тодорхой шалтгаанаар нэгэнт цаашдаа хамтран амьдрах боломжгүй болж гэрлэлт цуцлуулах болсон тул гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн тодорхой хэсгээс өөрт болон хүүхдүүддээ оногдох хэсгийг л нэхэмжлээд байгаа.

-Ямар шалтгаанаар гэрлэлтээ цуцлуулах болсон юм бэ?

-Энэ бидний хувийн асуудал учраас олон нийтэд дэлгэх шаардлага байхгүй.

-Хэвлэлээр Төгөлдөр гэдэг хүн таныг эд хөрөнгийг нь дээрэмдэхийг санаархаж байгаа тухай ярьсан байсан. Ямар учраас тэгж ярьсан юм бол?

-За Төгөлдөр бол манай нөхрийн ахын хүү байгаа юм. Б.Баттогтох ахынхаа хүүд бидний бүх хөрөнгийг бэлэглэлийн гэрээгээр 2017 онд шилжүүлэн, компанийн захирлаар томилсон байгаа. Гэр бүлийн дундын өмч хөрөнгийг хэн нэг нь дураар бусдад бэлэглэх эрх байхгүй. Тиймээс шүүх энэ асуудлыг судалж шийдвэрлэж өгөх байх.  Шүүхээс  зугтаад олддоггүй хүмүүс гэнэт гарч ирээд хөрөнгөө алдах гэж байгаа мэтээр яриад хохирогчийн дүрд тоглоод эхэлсэн. Эсрэгээрээ бидний эд хөрөнгийг булааж авчхаад миний эрх ашиг надаас илүү миний хүүхдүүдийн  эрх ашиг өнөөдрийг хүртэл зөрчигдөөд явж байна.

Үнэхээр надад хөрөнгөө алдах гээд эрх ашиг нь зөрчигдөөд байгаа юм бол шүүх хуралдаа ирээд үгээ хэлээд өөрийн эрх ашгаа хамгаалж, үнэн зөвөө тогтоолгож, асуудлаа шийдүүлэх хэрэгтэй. Харин ч хурлын өмнө энэ асуудлыг  олон нийтийн мэдээллийн хэрэгслээр гаргаж тавьж байгаа нь шүүхэд нөлөөлөх гэсэн оролдлого гэж би харж байгаа.

-Эдгээр баримт материалуудыг шүүхэд авч хэлэлцсэн үү? Дараагийн шүүх хурал хэзээ товлогдсон бэ?

-Мэдээж хэрэг шийдэгдэхэд энэ олон жилийн турш хангалттай хэргийн материал, нотлох баримтууд холбогдох байгууллагуудаас цугласан, хангалттай цаг хугацаа ч өнгөрлөө тиймээс хариуцагч талаас хурал болгохгүй байх бүхий л арга хэмжээ авч сандарч байна гэж би харж байна. Хурал 5 дугаар сарын 20 хүртэл хойшилсон. Шүүхээс бүрэлдэхүүн томилогдож хариуцагч талын татгалзлыг хүлээн авах эсэхээс шалтгаалж дараагийн шүүх хурал товлосон хугацаандаа болох үгүй нь тодорхой болох байх.

 -Таны нөхөр өнгөрсөн хугацаанд хүүхдүүдтэйгээ уулзалдаагүй хэрэг үү?

-Ер нь бол хүүхдүүдтэйгээ тун цөөхөн уулзсан даа. Сүүлийн үед бүр холбоогоо тасалсан. Хүүхдүүдтэйгээ холбогддог нүүр номдоо хүртэл блок хийсэн байна гээд хүүхдүүд минь их гомдоод байгаа.

-Энэ асуултыг асуухгүй бол болохгүй байх. Таныг Ч.Улаан сайдтай болон зарим хүмүүстэй хамааруулж, хэвлэлд ярьсан байсан. Яг ямар хамааралтай гэдгээ хэлж болох болов уу?

-Бололгүй яах вэ. Миний хувийн амьдралын талаар яриад хэн ч тоох билээ, мэдээж нэр хүндтэй хүн, олны танил болохоор нь Ч.Улаан сайдын нэрээр олон нийтийн анхаарлыг татах гэсэн санаа. Би нэг сайдын эсвэл хуульчийн хамаарал бүхий хүн байлаа гээд иргэний эрхээ эдэлж, хохирч байгаа асуудлаа шийдүүлж болохгүй гэж үү.  Ч.Улаан сайдыг харлуулах гэсэн зарим нэг хүмүүсийн ашиг сонирхол ч байгаа байх. Тиймээс ч  дүү нарынх нь хувийн амьдрал, бизнес гэх мэт шалдар, булдар  асуудлуудыг хамж, шимж байх шиг байна. Бид бүгд өөр, өөрийнхөө салбарт элдэв дэмжлэггүйгээр амжилттай ажиллаж, амьдарсаар ирсэн хувь хүмүүс.  Мөн ямар нэгэн садан, төрлөө өмгөөлөгчөөрөө авч шүүхэд нөлөөлсөн зүйл байхгүй.  Гэтэл садан, төрлөөрөө шүүхэд нөлөөлдөг гэж илт гүтгэсэн байна. Хавтаст хэрэгт нотолгоотой байгаа зүйлийг л худлаа яриад байхаар энэ хүн  өөрөө хэн бэ гэдэг нь тодорхой.  Ер нь хүн өөрийнхөө хийдэг үйлдлээ л бусдад нялзаадаг юм байна.  Харин ч энэ хугацаанд зарим асуудалд нэр бүхий этгээдүүд хэрхэн оролцож, хуулийн байгууллагад нөлөөлж байсныг  шалгуулахаар холбогдох байгууллагад би гомдол гаргах болно.

-Таны гэр бүл цуцлуулах гэж байгаа Б.Баттогтох гэдэг хүн эцэг хүнийхээ үүргээ хүлээдэггүй гэлээ. Энэ хүн ер нь хувь хүнийхээ хувьд ямар хүн юм бол?

- Миний хувьд хүүхдүүдээ аавтайгаа уулзах, ярихыг хориглодоггүй. Бид хоёр салсан ч гэсэн эцэг, үрийн холбоо салахгүй учраас харин ч хүүхдүүдтэйгээ ойрхон байгаасай гэж хүсдэг байсан. Харамсалтай нь тийм зүйл болдоггүй.  Эцэг нь хүүхдүүдийнхээ өмнө хүлээсэн наад захын үүргээ биелүүлэхгүй, бидний хамтын хүчээр босгосон бизнесийн үр шимийг ганцаар хүртээд явж байхад би тэр хүнийг хувь хүнийх нь хувьд нэмж тодорхойлох гээд ч илүүц биз. Одоо ч гэсэн хэвлэлээр ингээд худлаа яриа өгөөд явж байгааг том болсон хүүхдүүд минь үнэн, худлыг тунгаагаад ойлгоно шүү дээ. Үр хүүхдүүдээ хүртэл давхар ийм сэтгэл зүйн “хүчирхийлэлд” оруулж байгаад үнэхээр харамсалтай байна. Надад хүүхдүүдээс минь илүү эрхэм, үнэт зүйл гэж байхгүй. Тэд минь найз нөхөд, ангийн хүүхдүүдээсээ ичиж зовно, өсвөр насны хүүхдүүдийн сэтгэл зүйд яаж нөлөөлөх бол гэж аавынх нь сэтгэл зовж байна уу. Эсвэл мөнгө цагаан, нүд улаан гээд цайрчихдаг юм байх даа гэж  бодож сууна.

-Хүүхдийн тэтгэмж тогтоох асуудал шийдэгдсэн үү?

-Тэтгэмжийн асуудал шийдэгдээгүй. Шүүхээс хэрэг эцэслэн шийдвэрлэгдтэл зөвхөн хүүхдүүдийн сургалтын төлбөрийг ааваар нь төлүүлэх шийдвэр гарсан ч төлбөрийг төлөөгүй өнөөдрийг хүрсэн. Асуудал шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт очсон учраас өөрийнхөө дансаар мөнгө оруулж гаргадаггүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар бас л энэ хүнийг олохгүй хэчнээн жил болж байгаа. Бусад асуудлууд шийдэгдээгүй хэвээр. Хуулийн байгууллага, шүүх шударгаар энэ асуудлыг шийдвэрлэнэ гэдэгт өнөөдрийг хүртэл тэвчээртэй хүлээж л байна. Хүүхдүүдийнхээ эрх ашгийн төлөө явах нь эх хүний, үр хүүхдүүдийнхээ өмнө хүлээсэн үүрэг.

-Та энэ асуудлаар хүүхдүүдийнхээ аавтай уулзаж ярилцаж байв уу?

-Тэр хүн миний байтугай хүүхдүүдийнхээ утсыг ч авдаггүй. Бүтэн найман жил бид нараас болон шүүхийн байгууллагаас зугтаж явна. Хүүхдүүдээ хар нялхаар нь хаяад явсан. Өнөөдөр миний хүүхдүүд түрүүчээсээ насанд хүрсэн. Шүүх хурал болгон дээр би хүүхдүүдийн эрх зөрчигдөж байгааг хэлдэг ч одоог хүртэл ямар ч шийдэлгүй л байна. Уг нь гомдож, хэвлэл мэдээллээр ярих шаардлагатай бол тэр хүн нь би л баймаар юм. Гэвч гэр бүлийн асуудлаа олон нийтэд зарлах шаардлагагүй. Дашрамд дурдахад зөвхөн энэ хэрэг дээрээс анзаарснаар зарим хуулийн зохицуулалтад алдаа байна гэж харж байгаа. Учир нь иргэний хэрэг учраас холбогдогч нарыг цагдаа албадан авч ирж чадахгүй байна. Эрэн сурвалжилж олчхоод байгаа хэр нь авч ирж чадахгүй байна шүү дээ. Энэ хүмүүс эрхээ эдлээд байгаа ч хууль, шүүхийн байгууллагыг үл хүндэтгэн үүргээ биелүүлэхгүй байхад хуулийн байгууллагаас арга хэмжээ авч чадахгүй л байна. Нэгэнт хууль нь ийм бол яах вэ гээд шүүх, хуулийн байгууллагад хүндэтгэлтэй хандаад өнөөдрийг хүртэл маш их тэвчээртэй, хүлээцтэй хандсаар ирлээ. Өнөөдрийн нийгэмд хохирсон хүн улам хохирдог, зальтай зайтай нь хождог цаг болжээ. Тиймээс цаашдаа хууль эрх зүйн орчноо сайжруулах шаардлагатай юм байна гэж харж байна. Мөн над шиг хохирч яваа олон ээжүүд, хүүхдүүдийн эрх ашгийг хамгаалдаг олон нийтийн байгууллагуудтай өөрийн чадлаар хамтран ажиллах болно.

Zindaa.mn

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.