Хонконгт засгийн газрыг эсэргүүцсэн жагсаал болжээ

Хонконгийн цагдаа нар ням гарагт Монкок дүүрэгт болсон Засгийн газрыг эсэргүүцсэн жагсаалын үеэр оролцсон 200 орчим хүнийг баривчилсан гэж “Сянган линъи” цахим хуудас мэдээлэв.
Залуус голдуу хэдэн зуун жагсагч ням гарагт Хонконгийн янз бүрийн дүүрэгт байрлах худалдааны томоохон төвүүдэд цугларчээ. Цагдаа нар жагсагчдад зай барих, наймаас дээш хүн нэг дор цуглахыг хориглосон журмыг зөрчиж буйг сануулан тарахыг шаардсан байна. Монгкок дүүрэгт жагсагчид зам дээр хог хаягдал тараан, шатаахыг оролджээ.
Хонконгт цар тахлын байдал сайжрахын зэрэгцээ өнгөрсөн зун эхэлсэн эсэргүүцлийн хөдөлгөөн идэвхжиж эхэлсэн байна. Сүүлийн гурван долоо хоногт Хонконгт дотооддоо халдвар авсан тохиолдол илрээгүй бөгөөд эрх баригчид хязгаарлалтыг сулруулах арга хэмжээ авсан юм. Харин жагсагчид өөрсдийгөө үе үе сануулах гэж худалдааны зарим төвд эсэргүүцлийн ажиллагаа явуулахыг оролдох болжээ.
Хонконгт Засгийн газрыг эсэргүүцсэн жагсаалыг дахин эхлүүлэх нь байж болзошгүй зүйл гэж БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Хонконг, Макаогийн асуудал эрхэлсэн газар тавдугаар сарын 6-нд мэдэгджээ. Хятадын төв Засгийн газар “гараа хумхин суухгүй” бөгөөд “Хонконгийн хөгжил цэцэглэлт, тогтвортой байдлын үндэс суурийг сүйтгэхийг зорьж байгаа” сүйтгэгч хүчнүүд дахин идэвхжихийг зөвшөөрөхгүй гэж тус улсын эрх баригчид цохон тэмдэглэсэн байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.