Испанийн хамгийн өндөр настай эмэгтэй халдварыг ялан дийлжээ

Испанийн 113 настай иргэн коронавирусний халдварыг ялан дийлсэн дэлхийн хамгийн өндөр настай хүн болжээ.
Испанийн хамгийн өндөр настан болох Мариа Браньясын шинжилгээний хариу өнгөрсөн сард “эерэг” буюу халдвартай гарчээ. М.Бранясыг эдгэрсэн талаар түүний “Twitter” хуудсанд өнгөрсөн баасан гарагт мэдээлжээ. Уг хаягийг түүний охин хөтөлдөг ажээ.
1907 оны гуравдугаар сарын 4-нд төрсөн М.Браньяс өөрт нь сайн сайхныг хүссэн хүмүүст мягмар гарагт мөн “Twitter” хуудсаараа дамжуулан талархал илэрхийлжээ. Түүнчлэн тэрбээр өндөр настай хүмүүст хийж буй эмчилгээг шүүмжилсэн байна.
Испани томууг туулж өнгөрүүлсэн М.Браньяс гурван хүүхэд төрүүлсэн бөгөөд 11 ач, 11 ачинцартай болжээ. Испанийн “La Vanguardia” сонинд мэдээлснээр, тэрбээр АНУ-ын Сан-Франциско хотод төрсөн бөгөөд тухайн үед түүний аав ажлаар тус улсад очсон байжээ.
М.Браньяс одоо Олот хотын “Santa Maria del Tura” асрамжийн газарт амьдардаг ажээ. Уг асрамжийн газарт өнгөрсөн сард халдварын улмаас 17 ахмад настан нас барсан гэж Их Британийн “The Olive Press” сонинд мэдээлсэн байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.