Тусгаарлах байранд 49 эмч эмнэлгийн тусламж үзүүлж байна

ЭМЯ-ны мэдээлснээр, өнөөдрийн байдлаар “COVID-19” халдвар дэлхийн 215 улс орон, бүс нутагт бүртгэгдээд байна. Тус өвчнөөр 4.3 сая хүн өвчилж, 292 мянган хүн нас барсан бол 1.6 сая хүн эдгэрчээ. Харин 2.4 сая хүн энэ өвчний улмаас эмчлүүлж байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд дэлхий дахинд 83 мянган хүн коронавирусээр халдварлаж, 5000 гаруй хүн нас баржээ.
Манай улсын хувьд коронавирусний гаднаас зөөвөрлөгдсөн 42 тохиолдол бүртгэгдсэнээс 15 хүн эдгэрч, ХӨСҮТ-д 27 хүн эмчлүүлж байна.
Өнөөдрийн байдлаар ажиглах байранд нийт 945 хүн байгаа бөгөөд тэдгээрт 49 эмч, резидент эмч тусламж үзүүлж байгаа юм.
Төмөр замын нэгдсэн эмнэлгийн 10 эмч орон нутгийн 14 чиглэлийн галт тэргэнд ажиллаж, 3500 гаруй зорчигчид коронавирус илрүүлэх тандалт судалгаа хийхэд сэжигтэй тохиолдол илрээгүй байна.
ЗӨСҮТ-ийн баг Гуаньжу-Улаанбаатар-Франкфурт чиглэлийн хоёр онгоцны 1000 гаруй ачаа тээшийг халдваргүйтгэжээ.
Коронавирусний халдварын талаарх зөвлөгөө мэдээлэл өгдөг шуурхай 119 дугаарын утсанд өнгөрсөн 24 цагийн дотор нийт 224 дуудлага иржээ. Мөн “Шуурхай 119” аппликэйшнээр дамжуулан 40 дуудлага ирснээс АНУ, Швед, Япон улсаас манай улсын есөн иргэн коронавируст халдварын эмнэл зүйн шинж тэмдгийн талаарх зөвлөгөө мэдээлэл авсан хэмээн ЭМЯ-ны Олон нийттэй харилцах тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл өнөөдрийн ээлжит хэвлэлийн хурлын үеэр дурдав.
Мөн тэрбээр хүүхдүүд амны хаалтгүй гадуур явж, ундаа, зайрмагийг ам дамжуулан хэрэглэж байгаа талаар иргэд сэрэмжлүүлэн мэдээлсэн. Хүнсний бүтээгдэхүүнийг ам дамжуулан хэрэглэх нь халдвар дамжуулах, тараах эрсдэлтэй учир ам дамжуулан хэрэглэхгүй байхыг анхаарууллаа.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.