Коронавирусийг ялан дийлсэн Фарерт хөлбөмбөг эхэллээ

Коронавирусийг ялан дийлсэн Фарерт хөлбөмбөг эхэллээ

Фарерийн арал COVID-19 вирусийг бүрэн устгасан анхны орон болоод байна. Энэ хугацаанд тус аралд 187 халдварын тохиолдол илэрч, нэг ч хүн нас баралгүй, бүгд эдгэрчээ. Хамгийн сүүлийн тохиолдол дөрөвдүгээр сарын 22-нд гарсан гэнэ.

Тус улсын Ерөнхий сайд Бардур Стейг Нильсен “Дэлхийд хэний ч чадаагүй зүйлийг бид хийж чадлаа. Фарерчууд энэ амжилтаараа бахархах ёстой. Удахгүй бид жирийн амьдралдаа эргэн орно” гэж мэдэгдсэн байна.

Фарерийн лиг 10 багтай. Эхний тойргийн таван тоглолт үзэгчгүй явагдсан. Тойргийн гол тоглолт болох “Клаксвик”, “Б-36” багуудын тоглолт болсон цэнгэлдэхэд хөлбөмбөгч, дасгалжуулагч, шүүгч гэсэн нийт 50 хүн л орлоо. “Б-36” багийн Себастьян Пингель гоол оруулан, тооны харьцааг нээхэд тоглогчид тэврэлдэн баярлаж, үнэхээр цар тахлыг даван туулснаа харуулж байлаа.

Пингель “Сонин мэдрэмж төрсөн. Гоол оруулаад хаашаа гүйхээ мэддэггүй. Булангийн туг руу гүйснээ хөгжөөн дэмжигчид байхгүйг санаад зогсож, чадлынхаа чинээгээр хашхирсан” гэж сэтгүүлчдэд ярьсан байна.

Фарерт бүх цэнгэлдэх хүрээлэн нь нээлттэй, бараг хашаагүй тул үзэгчид гаднаас үзэж болно. Гэхдээ иргэд нь маш дуулгавартай тул тоглолтыг интернэт, телевизээр үзжээ.

Фарерийн лигийн тэмцээнийг дамжуулах эрхийг Норвег, Швед, Дани улсууд худалдан авсан байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.