Сууц өмчлөгчдийн холбоодын төлөөлөлтөй зөвлөлдөв

Сууц өмчлөгчдийн холбоодын төлөөлөлтөй зөвлөлдөв

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас угсармал орон сууцны дулаан техникийн шинэчлэлтэй холбоотой асуудлаар СӨХ-дын төлөөлөлтэй уулзаж зөвлөлдлөө.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллага, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг /GIZ/ болон бусад талууд хамтран “Улаанбаатар хотын орон сууцны 362 блок барилгад дулаан техникийн шинэчлэл хийх төсөл”-ийг амжилттай хэрэгжүүлж байгаа билээ.

Төслийн санхүүжүүлэгч НАМА Фасилитийн зарим нөхцөл шаардлагыг хотод тавьж байгаа. Үүнээс оршин суугчид уг төсөлд хамрагдах хүсэл сонирхол байгаа эсэхийг тодорхойлох санал авах судалгаа нь гол шалгуур үзүүлэлт юм.

Уг нөхцлийг хангахад 3000 айл өрхөөс судалгаа авах шаардлагатай бөгөөд өнөөдөр угсармал орон сууцтай 37 СӨХ-ны төлөөлөлтэй тус албанаас уулзалт зохион байгуулж төслийн танилцуулга, хийсэн ажил, санал авах тухай дэлгэрэнгүй мэдээллүүдийг өгч сонирхсон асуултад хариуллаа.

Ташрамд дуулгахад, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллага, GIZ Германы олон улсын хамтын ажиллагааны байгууллага хамтран “Улаанбаатар хотын хэмжээнд байгаа 1077 ширхэг блок угсармал орон сууцны барилгад дулаан техникийн шинэчлэл хийх төсөл”-ийг Үндэсний онцлогтой хүлэмжийн хийг бууруулах сан /NAMA/-Фасилити-д хүргүүлэн 1 дүгээр шатны шалгаруулалтад 76 улсаас эхний 7 улсын төслийг сонгон авсан бөгөөд манай төсөл амжилттай шалгарсан юм.

Улмаар 2019 оны 07 дугаар сарын 22-24 нд Улаанбаатар хотноо “Нама фасилити” төслийн багийн төлөөлөгчид хоёрдугаар шатны шалгаруулалтын үнэлгээг хийхээр ирж үндсэн төсөл хэрэгжүүлэгч УБЗАА-ны инженерийн байгууламжийн хэлтэс, БХБЯ, ЭХЗХ зэрэг холбогдох байгууллагын албаны хүмүүстэй уулзалт хийж талуудын оролцоо, төслийн явц, үр өгөөж, дулааны үнэ тариф, техник эдийн засгийн үзүүлэлт, эрчим хүчний аудит, батлагдсан зураг төсөвтэй танилцан төслийг цаг үеэ олсон суурь судалгаа сайн хийгдсэн гэж дүгнэсэн.

Энэхүү төсөлд шалгарсан нөхцөлд үндэсний онцлогтой хүлэмжийн хийг бууруулах сан /NAMA/-Фасилитийн сангаас 18 сая еврогийн буцалтгүй тусламж авах боломж бүрдсэн юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.