190 гаруй иргэнийг авчрах онгоц Дели хотоос 18.45 цагт Монгол руу ниснэ

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу өнөөдөр буюу тавдугаар сарын 18-нд Энэтхэгийн Дели хот руу тусгай үүргийн онгоц нислэг үйлдэж, Монгол Улсын иргэдээ авчрах юм. ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг Дели хотод 190 гаруй монгол иргэн тусгай үүргийн онгоцоор нутагтаа ирэх хүсэлт гаргасан гэж мэдэгдсэн. Тэгвэл тэдгээр иргэдийг авчрах ОМ7757 дугаартай онгоц яг одоо Чингис хаан олон улсын нисэх буудлаас хөөрөхөд бэлэн байдалтай байгаа аж.
Энэтхэг улс дахь Монгол Улсын Элчин сайдын яамнаас тусгай нислэгээр ирэх иргэдэд хандан дараах мэдээллийг өгч байна.
ИРГЭДИЙН АНХААРАЛД
Шинэ Дели хотын Индира Гандийн нэрэмжит олон улсын нисэх буудал ( IGIА)-аас 2020 оны тавдугаар сарын 18-ны Даваа гарагийн 18.45 цагт хөөрөх “МИАТ” компанийн тусгай үүргийн EX Delhi нислэгт дараах журмаар үйлчлүүлнэ. Үүнд:
Нэгэнт тогтмол рейсийн нислэг биш учир зорчигчдын бүртгэл гараар хийгдэнэ. Нийт зорчигчдыг гараар бүртгэхэд нэлээд цаг хугацаа шаардагдах тул нисэх буудлын гуравдугаар терминальд 14.00 цагаас хожимдолгүй очсон байх шаардлагатай.
ЭСЯ-тай хамтарч ажилладаг энэтхэгийн компанийн ажилтан нисэх буудлын үүдний гадна Таныг угтаж паспорт, Улаанбаатараас урьдчилж ирүүлсэн зорчигдын нэрсийн жагсаалттай тулгаж шалгана.
Уг ажилтан зорчигчийн талон хоёр ширхэг маягтын хамт өгнө.
Нисэх буудлын захиргаанаас баталсан эрүүл мэндийн асуумж-маягтыг нягт нямбай бөглөх хэрэгтэй.
Эрүүл мэндийн асуумж маягтыг бөглөсний дараа нисэх буудлын хүлээх танхим дахь хаалганы дугаарыг мэдэж аваад Нисэх буудлын дотогш орж Эрүүл мэндийн ажилтанд очиж биеийн халууныг шалгуулж мөнөөх асуумжаа өгч тэмдэглэгээ хийлгэн тамга даруулна.
Тэндээс рентген аппаратад ачаа тээшээ (23 кг) шалгуулж, гар тээшиндээ шошго авч зүүгээд ачаа тээшээ тэргэнцэрт хийж түрээд зорчигчдыг бүртгэлийн хэсэгт очно.
Зорчигчдын бүртгэлийн хэсэгт ачаа тээшээ жинлүүлж шошго хадуулна. Зорчигчдын хуудасны хамт өгсөн маягтыг энэ хэсэгт салгаж өгнө. Ачаа тээшний урсгал дамжуурга ажиллахгүй тул 1, 2 дугаар дамжуургад зорчигч ачаа тээшээ аваачиж тавина.
Энэ бүхэнд нисэхийн компани, нисэх буудлын ажилтнууд тусална.
Зорчигч хилийн байцаан өнгөрүүлэхэд болон гаалийн ажилтанд бичиг баримтаа шалгуулна.
Эдгээр шалгалтын дараа аюулгүй албаны үзлэгт орж рентген хаалгаар дамжин дотогш орсоноор агаарын хөлөгт суухад бэлэн болно гэжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.