Сочид ирэх сараас сувиллын газруудыг нээнэ

ОХУ-ын Сочи хотод ирэх сарын 1-нээс эхлэн далайн эрэг орчмын амралт сувиллын газруудыг нээхээр болжээ. Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах газрын шаардлагыг дагаж мөрдөх нөхцөлтэйгээр хотын далайн эргийн амралт сувиллын нийт 65 газар үйл ажиллагаагаа явуулж эхлэхээр болсон тухай Сочи хотын Амралт, аялал жуулчлал хариуцсан газрын захирал Светлана Батяйкина сэтгүүлчдэд мэдэгджээ.
“Цар тахлын нөхцөл байдал тогтворжсон нөхцөлд зургадугаар сарын 1-нээс эхлэн сувиллын газруудыг нээнэ. Эхний ээлжинд зөвхөн эмнэлгийн зөвшөөрөлтэй сувиллын газруудын үйл ажиллагааг сэргээхэд анхаарлаа хандуулж байна. Далайн эргийн бусад газруудыг үе шаттайгаар нээх болно. Одоогийн байдлаар Сочи хотод эмнэлгийн зөвшөөрөлтэй нийт 65 сувиллын газар байдаг” гэж Батяйкина ярьсан байна.
Кубанийн эрх баригчид мөн ирэх сарын 1-нээс эхлэн жуулчдыг хүлээж авахаар төлөвлөж байгаа аж. Коронавирусний цар тахлын улмаас Кубанийн амралтын газруудын үйл ажиллагааг 3 дугаар сарын 28-наас түр хугацаагаар зогсоож, зочид буудлууд жуулчдыг хүлээж авахаа зогсоосон байна. Үүнээс гадна тус бүс нутагт хөл хорионы дэглэм хэрэгжиж байгаа бөгөөд өөр бүс нутгаас Кубанийг зорин ирсэн иргэд 14 хоногийн хугацаанд өөрийгөө тусгаарлах дэглэмийг мөрдөж байгаа ажээ.
Кубань ОХУ-ын аялал жуулчлалын гол бүс нутгуудын нэг юм. Өнгөрсөн онд тус бүс нутагт 17.3 сая хүн амарсан байна. Өнгөрсөн оны тавдугаар сарын баяр амралтын өдрүүдэд Кубанийн жуулчдын урсгал 7 хувиар нэмэгдэж, 430 мянгад хүрчээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.